Завханы 24 сум өөрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-01 22:04:24

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Дөрвөлжин сум “Нэг сум-нэг бахархал аян”-д чацарганы тос, цэвэр шүүсийг өөрийн брэнд бүтээгдэхүүн хэмээн зарлажээ. Өнөөдрийн байдлаар тус сум байгалийн зэрлэг “Хар бут”-ны чацарганыг үйлдвэрийн аргаар боловсруулж тос,  өтгөрүүлсэн шүүсийг туршилтаар үйлдвэрлэж эхэлжээ. 

Тус сум Тахь төслийн дэмжлэгээр чацаргана боловсруулах үйлдвэрийг өнгөрсөн 12 дугаар сараас эхлүүлэн байгуулж өдгөө үйлдвэрийн ажилчид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж туршилтаар цөөн тоогоор дээрх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй юм байна.  Завхан аймгийн 24 сумын жижиг дунд үйлдвэрлэгч, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн дунд “Нэг сум-Нэг бахархал” аяныг 2019 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл зарлаад байгаа бөгөөд сум бүр өөрийн брэндийг бий болгохоор ажиллаж байна.

Аяны хүрээнд сумын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид сумынхаа брэндийг хэрхэн бий болгох талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, сум бүр өөрийн бахархалт бүтээгдэхүүнийг илрүүлж хөгжүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах аж. Үр дүнд нь орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанарын шаардлага хангасан шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, улмаар ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл багасах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэл бий болох зэрэг олон давуу тал бий болно хэмээн аяныг зохион байгуулагчид хэллээ.

Хамгийн гол нь тус аян нь орон нутгийн түүхий эд, нөөц баялгийг ашиглан брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн, экспортын барааны нэр төрлийг олшруулах, өрсөлдөх чадварыг бий болгох, хүн амыг эрүүл, аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилготой юм байна. Өнөөдрийн байдлаар Завханы 24 сумаас 11 сум өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг зарлаад байгаа бөгөөд бага хэмжээгээр дотооддоо үйлдвэрлэл явуулж байгаа аж. Тухайлбал Дөрвөлжин сумын Хар бутны чацаргана, түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд, Идэр сумын монгол гутал, Их-Уул сумын мод модон бүтээгдэхүүн, Отгон сумын зүү ороож оёсон уран хатгамлын бүтээлүүд, Ургамал сумын суль сульхирын гурил, Сантмаргаз сумын Дэвтээр нуурын бор давс, Сонгино сумын ургамлын цай, хийцтэй хатаасан цай гэх мэт бүтээгдэхүүнүүдийг өөрийн брэнд хэмээн зарлаад байгаа аж.

Холбоотой мэдээ