Хүүхдийн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн шаардлага хангаж байгаа эсэхэд анхаарал хандуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-02 12:13:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 15-нд тохиодог “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан БСШУСЯ , түүний харьяа байгууллагууд  “Хүүхэд хэрэглэгч” аян өрнүүлэх боллоо.

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд хэрэглэгч” өдөр болгон тэмдэглэх болсон. Энэ өдрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага хүүхдэд нийлүүлж буй бараа, ажил, үйлчилгээг чанартай болгох, хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг өрнүүлдэг. Монгол Улсад нийт хүн амын нэг хувийг 18 хүртэлх насны хүүхэд багачууд эзэлж байна. Тиймээс хүүхэд хэмээх эрхэм хэрэглэгчийн эрхийг хамгаалах тэднийг хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, мэдлэх олгох ажлыг энэ сарын 1-15-ны өдөр зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Энэ удаагийн өдөрлөгт ШӨХТГ, Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг хүүхэд хамгааллын бүхий л байгууллагууд дэмжин оролцох юм. 

ШӨХТГ-аас эл өдрийг "Аюулгүй, ухаалаг бараа бүтээгдэхүүн" уриан дор зохион байгуулж, импортлогч, үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэгч, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нарт ойлголт мэдээлэл өгөхийг зорих болно. Хүүхэд хэрэглэгчийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр БСШУСЯ-тай хамтран “Хүүхэд хэрэглэгч” зөвлөмж, гарын авлага бэлтгэх, цахим орчин дахь хүүхдийн гадуурхлын асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, сургуулийн орчны аюулгүй байдал, бараа бүтээгдэхүүний шошго, хаягжилтад хяналт шалгалт явуулах, сургалт, өдөрлөг зохион байгуулна  хэмээн тус газрын дарга Б.Лхагва ярилаа.


Зөвхөн нэг өдрийн үйл ажиллагаа биш, бүтэн жилийн турш хүүхэд хамгааллын асуудлыг гол бодлогоо болгон ажиллана гэдгийг яамнаас мэдэгдсэн юм. Харин өдөрлөгийг угтсан үйл ажиллагааг гуравдугаар сарын эхний 15 хоног идэвхтэй зохион байгуулах талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Д.Сүрэнчимэг хэлэв. Хүүхдийн хоол хүнс, хувцас, цүнх хэрэглэлээс эхлээд хэрэглэгчийн шаардлага хангаж байгаа эсэхэд олны анхаарлыг хандуулахаас гадна хүүхдэд хориотой хүнс сурталчлах, буруу үлгэр дуурайлал үзүүлэх аливаа нэвтрүүлэг, сурталчилгааг 21:00 цагаас өмнө гаргахыг хориглох, сургууль цэцэрлэгийн орчны стандартыг батлуулж мөрдүүлэх зэрэг чиглэлээр тодорхой ажил төлөвлөжээ. Хүүхэд хамгааллын ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцож, олон нийтэд хүргэхийг зохион байгуулагч нар уриалсан юм.

Холбоотой мэдээ