Аймгийн Засаг дарга сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-04 10:29:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчидтай зангиагүй уулзалт хийж, тогтмол үйл ажиллагаа явуулж буй телевиз, сайт, сонин, дуу, дүрс бичлэгийн студийн төлөөлөл болон ахмад сэтгүүлчид  оролцон санал бодлоо солилцлоо. 


Аймгийн Засаг дарга 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, хамтын ажлаа дүгнэн 2019 онд улс болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг ард иргэдэд үнэн зөв, хурдан шуурхай мэдээлэх ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч хэрхэн хийж хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Мөн хамтран ажиллах гэрээг байгууллага тус бүртэй байгуулахаар шийдвэрлэлээ. Өдгөө тус аймагт хоёр телевиз, нэг сонин, үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ-ийн орон нутаг дахь сурвалжлагчид, дуу дүрс бичлэгийн хоёр студи тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 2018 онд аймгийн Засаг дарга хэвлэл мэдээллийн байгууллагатай нээлттэй хамтарч ажилласан ч, нэг ч байгууллагатай гэрээ байгуулаагүй. Тиймээс өнгөрсөн оны хамтын ажиллагаа болоод орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаа дэмжиж ажилласан байдлыг сэтгүүлчид хангалтгүй хэмээн үнэлсэн юм. 


"Бид ийнхүү нээлттэй уулзалт хийж, асуудал болон гарцаа хамтдаа ярилцсанаар хамтын ажиллагааг нэг шугаманд оруулж, цаашид төрийн болоод  аймаг орон нутгийн мэдээллийг олон нийтэд түгээхэд онцгой анхаарч, гар нийлэн ажиллах болно. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаа дэмжиж, хамтран ажиллах гэрээг байгуулах ажлыг холбогдох хүмүүст үүрэг болгон өгч, богино хугацаанд хэрэгжүүлэх болно. Харин сэтгүүлч, уран бүтээлчид гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай биелүүлж, гагцхүү үнэн зөв, бодит мэдээллийг иргэдэд хүргэх хэрэгтэй." гэдгийг аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэллээ.


Мөн аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал, аймгийн Засаг даргын зөвлөх Ж.Түвшинжаргал, Д.Амарбаясгалан, О.Даваасамбуу нар уулзалтад оролцон өөрсдийн санал бодлоо илэрхийлж, хэвлэл мэдээллийн байгууллагынхантай нээлттэй ярилцсан юм.

Холбоотой мэдээ