Цусны донорын тоо 20 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-04 17:23:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦССҮТ-өөс санаачлан сар бүрийн 3-ныг "Цусаа бэлэглэх өдөр" болгон зохион байгуулдаг.

Энэ өдрийн гол зорилго нь цусаа өгөхийн ач холбогдлыг олон нийт, ялангуяа зорилтот бүлгийнхэнд ойлгуулах юм. Үүний үр дүнд цусаа бэлэглэх донорын тоо 20 хувиар нэмэгдсэнийг ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр онцлов.

Энэ удаагийн Цусаа бэлэглэх өдөр”-ийг Сод Монгол групп дэмжин ажилласан бөгөөд "Этүгэн" анагаах ухааны их сургуулийн оюутнууд оролцож цусаа бэлэглэв. Мөн энэ өдөр 70-аас дээш удаа цусаа бэлэглэж буй хүндэт донор С.Нарантуяа, Б.Иш нарыг "Хүрэл донор"-оор өргөмжлөв.

Мөн "Бахархал-50" тэмдгээр донор Д.Болортуяа, Ц.Өлзийхишиг, "Бахархал 40" тэмдгээр донор Д.Наранхүү, "Бахархал-30" тэмдгээр донор Б.Дэлгэрмаа, "Бахархал-20" тэмдгээр донор Б.Тэмүүжин, "Бахархал-10" тэмдгээр донор Д.Доржханд нарыг тус тус шагнаж урамшууллаа.



Мөн энэ өдөр ЦССҮТ-ийн Технологийн тасгийн Нээлттэй хаалганы өдөр болж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сурталчилсан бөгөөд цаашид тогтмол зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ