Ш.Сүрэнжавын нэрэмжит яруу найргийн анхдугаар наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит "Эв нэгдэл цом" яруу найргийн анхдугаар наадам энэ сарын 15-нд болно. Тус наадмыг "Нийгмийн ардчилал" Монголын залуучуудын холбоо МЗЭ-ийн "Цог" сэтгүүлтэй хамтран зохион байгуулах юм байна.
Ш.Сүрэнжав агсан "Тусгаар тогтнол аминаас үнэтэй" түүхэн уран сайхны кино туурвиж, үе үеийн залуусын эх орноороо бахархах олон шүлэг найраглал бичсэн. Мөн мэндэлсний нь 80 жилийн ой гуравдугаар сарын 15-нд тохиохтой холбогдуулан залуучуудын яруу найргийн анхдугаар наадмыг түүний нэрэмжит болгожээ.
Яруу найргийн наадамд оролцох шүлэгч, найрагчдаас эх орон, эв нэгдлийн сэдэвтэй нэг бүтээл, хайр дурлал, залуу насны сэдэвтэй нэг бүтээлийг энэ сарын 11-ний өдрийн 18 цаг хүртэл Тусгаар тогтнолын ордны 201 тоотод хүлээн авч байна. Шалгарсан 30 яруу найрагчийн нэрийг цахим хуудсаар зарлана. Тэргүүн байр нэг, "Эв нэгдэл" цом, нэг сая төгрөг, дэд байр нэг, өргөмжлөл, 800 000 төгрөг, гуравдугаар байр нэг, өргөмжлөл 500,000 төгрөгөөр тус тус шагнах юм байна.