Батлан хамгаалахын сайд Н.Энхболд элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-04 19:20:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНТУ, БНСУ, АНУ-ын элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.


"ХААНЫ ЭРЭЛД" ЭНХИЙГ ДЭМЖИХ СУРГУУЛИЙГ

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдаар томилогдсон Майкл Клеческитэй уулзахдаа, элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд, хоёр орны харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байгаагийн дотор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлон тэмдэглэв.

Энэ үеэр хоёр улсын батлан хамгаалах салбарыг өргөжүүлж, олон улсын энхийг дэмжих “Хааны эрэлд” сургуулийг хамтран зохион байгуулахаа талууд батлав. Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны нэгэн илэрхийлэл болох тус сургууль нь бүс нутгийн төдийгүй дэлхий дахинд нэр хүнд нь өсөн нэмэгдэж, тэр хэрээр өргөн цар хүрээтэй болж байгаад сэтгэл хангалуун байгааг талууд илэрхийлж байв.

Уулзалтад БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, тус яамны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар оролцов.



ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД АТТАШЕ НАРЫН ҮҮРЭГ ЧУХЛЫГ ОНЦЛОВ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ахмет Язалттай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Тэрээр хоёр орны цэргийн хамтын ажиллагааны хүрээнд манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, цэргийн зориулалтын буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байгаад БНТУ-ын Засгийн газар, БХЯ-нд талархал илэрхийлэв. Энэхүү тусламжаар ирсэн тоног төхөөрөмж, материал нь Зэвсэгт хүчний шинэчлэлд их ач холбогдолтойг цохон тэмдэглэв. Мөн Монгол Улсаас Турк Улсад суух Элчин сайдын яаманд цэргийн атташег суулгах асуудлыг шийдвэрлэсэн талаар дурдаад цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд цэргийн атташе нарын үүрэг чухал болохыг онцлов. Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар бүх салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. 

Элчин сайд Ахмет Язалт Монгол, Турк улсын Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгааг тэмдэглээд, цаашдын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, Батлан хамгаалах салбарын дээд, дунд шатны харилцан айлчлалыг зохион байгуулах, цэргийн алба хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлж, харилцан туршлага солилцоход хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийллээ.



МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ӨРГӨЖИЖ БУЙГ ТЭМДЭГЛЭВ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүлээн авч уулзсан дараагийн хүндтэй зочин нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам байв. 

Уулзалтаар, өнгөрсөн онд манай хоёр орны Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах төлөвлөгөө бүрэн хэрэгжсэн бөгөөд хоёр орны Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг 2018 онд амжилттай зохион байгуулсан, мөн өнгөрсөн оны тавдугаар сард хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын хамтарсан тусгай хүчний сургуулийг амжилттай зохион байгуулсан зэрэг олон чухал ажил хэрэгжүүлсэн талаар дурдаад, гарсан үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв. 

Хамтарсан тусгай хүчний сургууль нь хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуулийн эхлэл болж, хамтын ажиллагааг улам өргөжүүлсэн талаар ч талууд онцолж байсан юм.

2020 онд болох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах ажлын хүрээнд Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх тухай саналыг Элчин сайд Жон Жэнам гаргасан бөгөөд олон талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ