Хүчирхийлэлд өртсөн 20 гаруй хүнд нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-06 11:11:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлийн болоод бусад төрлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан хамтарсан бүлгийн гишүүдийг чадавхжуулах сургалт Баруун-Урт суманд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2018 онд хүчирхийлэлд өртсөн 20 гаруй хүнд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын мэргэжилтнүүд  нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлжээ.

Сумын засаг даргаар ахлуулсан хамтарсан багт сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, багийн засаг дарга нар багтдаг. Сургалтад хамарч буй 15 хамтарсан багийн 150 гаруй төрийн албан хаагчид Хүүхдийн эрхийг хамгаалах төвийн тэргүүн Д.Ундраа сургалт явуулж байна.

Тэрээр хэлэхдээ “Хүчирхийлэл бий болж буйн гол шалтгаан нь архидалт. Орон нутгийн түвшинд энэ нь хамгийн их байдаг. Мөн цахим орчны хяналтгүй хэрэглээ хүчирхийлэл бий болох, хүчирхийлэл үйлдэх бас нэгэн шалтгаан болж байгаа юм. Хүчирхийлэлд өртсөн иргэнд эрсдэлийн үнэлгээг цагдаагийн алба хаагч хийж, дундаас дээш түвшинд үнэлэгдсэн тохиолдолд тухайн сумын засаг дарга болон хамтарсан багийн гишүүдэд мэдэгдэх үүрэгтэй. Мөн зорилтот өрхийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтарч, хамтарсан багт онцгой үүрэгтэй оролцох ёстой. Сумынхаа зорилтот өрхийн судалгааг авч, өрхүүд дээр хөгжлийн төлөвлөгөө, нөхцөл байдлын үнэлгээ хийж ажиллах ёстой. Гэтэл орон нутагт энэ ажил хэрэгждэггүй. Тиймээс цаашид салбар хоорондын уялдааг сайжруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэв.

Хүчирхийлэлд өртсөн хүмүүс асуудлаа шийдвэрлүүлэхдээ цагдаа болон хуулийн байгууллагад ханддаг. Харин ГБХЗХГ-т нийгэм сэтгэлзүйн дэмжлэг авахаар очдог. Яг энэ төрлийн үйлилгээ авч буй иргэдийн тоо харилцан адилгүй. Гэвч өөрийгөө, эрхээ хамгаалуулахын тулд хандах тохиолдол жилээс жилд нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна.

“Манай газарт ирж буй хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд байдаг. Өнгөрсөн онд бэлгийн  хүчирхийлэлд өртсөн зургаан хүүхэд, гэмт хэрэгт холбогдсон зургаан хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн таван эмэгтэй, гурван хүүхэд манай газарт хандаж зохих үйлчилгээг авсан. Тэгэхээр гэмт хэрэг зөрчлийг бууруулах, хүчирхийллийг таслан зогсоохын тулд урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх ёстой. Энэ бол хамтарсан багийн ажлын гол чиглэл. Харин манай газрын зүгээс тус багийг мэргэжил арга зүйгээр хангах, дэмжиж хамтарч ажиллах ёстой.”гэдгийг аймгийн ГБХЗХГ-ын дарга О.Балжинням хэллээ.

Холбоотой мэдээ