ДОРНОД: Сумдын төрийн алба хаагчдыг орон сууцжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг сумдад ажиллаж байгаа төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн жилүүдэд дээрх төслийн хүрээнд зургаан суманд 40 айлын орон сууц барьж ашиглалтад оруулжээ. Харин энэ жил найман суманд 64 айлын орон сууц барих ажлыг гүйцэтгэж байгаа юм. Тухайлбал, Баян-Уул сумын найман айлын хоёр орон сууцны барилга 80 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн Чойбалсан, Чулуунхороот сумын 24 айл, Халхгол сумын Ялалт багийн 15 айлын орон сууцны барилгын ажил ид өрнөж, ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэв.
Энэхүү төрийн алба хаагчдын орон сууц нь бие даасан халаалтын систем, цэвэр, бохир ус, цахилгааныг шийдсэнээрээ онцлогтой. Дээрх төслийг аймаг, сумдын хамтарсан төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж байна.