АРХАНГАЙ: 230 хүртэл тарвага агнах эрх олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-09 14:56:40

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. БОУАӨ-ийн сайдын тушаалаар энэ онд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрлийг 8 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд олгосон.


Дээрх зөвшөөрлийг сумын Засаг дарга олгох бөгөөд иргэн жил бүрийн 8 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохих төлбөр төлж, гурав хүртэл хоногийн хугацаагаар 5 хүртэлх тарвага агнах эрхийн бичиг авах учиртай юм.


Аймгийн ИТХ-ын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг заасан тогтоолын хавсралтад Монгол тарвагыг Ихтамир, Чулуут, Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт гэсэн 12 суманд нийт 230 хүртэл тарвага агнах тоог гаргасан байна.


Архангай аймгийн тухайд өнөөдрийн байдлаар 94 тарвага агнах зөвшөөрлийг олгоод байна. 


Тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ нь монгол тарвага 410 мянга, алтайн тарвага 460 мянга. Зөвшөөрөлгүй тарвага агнасан тохиолдолд амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр тооцож, торгууль оногдуулах хуулийн заалттай.


БОАЖ-ын сайдын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар тарвагыг ахуйн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглосон байсан. Энэ хугацаа 2024 оны 7 дугаар сард дууссан юм.


Хил залгаа Хөвсгөл аймагт тарваган тахал гарсантай холбоотойгоор урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл сурталчилгааг мэргэжлийн байгууллагуудаас тогтмол түгээсээр байна. 

Холбоотой мэдээ