Стресс нь шархалсан зүрхний синдромтой болоход хүргэж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-07 13:06:29

ЛОНДОН. /BBC/. Сэтгэл санааны хямралтай, стресс ихтэй байх нь хүнийг “Шархалсан зүрхний синдром”-той болгож болзошгүй гэсэн дүгнэлтийг Швейцарийн хэсэг бүлэг эрдэмтэд хийжээ.


Судлаачдын явуулсан туршилтад эрүүл 39, шархалсан зүрхний синдромтой 15 хүн оролцсон байна. Цюрихийн их сургуулийн эмнэлгийн мэргэжилтнүүд хүний тархины үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийжээ. Ингэхийн тулд мэргэжилтнүүд тархины дүрс оношилгооны аппаратын мэдээллийг ашигласан байна. Шархалсан зүрхний синдром нь төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой болохыг судалгааны дүн харуулжээ.


Шархалсан зүрхний синдромтой хүний тархины сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсэг болон биеийн ухамсаргүйгээр хариу үйлдэл үзүүлэхэд тавих хяналт хоорондын холбоо хамаарал нь эрүүл хүнийхээс илүү сул байгааг эрдэмтэд илрүүлсэн байна.


“Сэтгэл хөдлөл нь хүний тархинд үүсэн бий болдог учир энэхүү синдром нь ч мөн тархинд үүсдэг байна. Дараа нь тархи зүрхэнд зохих дохионуудыг өгдөг байна” хэмээн судалгааны ахлах профессор Елена Гадри ярьжээ.  


Өөрөөр такоцубо гэж нэрлэгддэг шархалсан зүрхний синдромын үед зүрхний булчингууд суларч, зүрхний зүүн ховдлын дээд хэсэг томордог бол баруун ховдлын хэмжээ өөрчлөгддөггүй байна. Энэхүү өвчин нь судасны бөглөрлөөс үүдэлтэй зүрхний шигдээсээс ялгаатай гэж эмч нар үздэг хэдий ч шинж тэмдгүүд нь ойролцоо байдаг аж. Тухайлбал, шархалсан зүрхний синдромтой үед амьсгал давхцах, цээж орчим өвдөлт мэдрэгддэг бөгөөд эдгээр шинж тэмдэг нь стресстэй байх, сэтгэл санаа ихээхэн зовох үед илэрдэг байна.


Эрдэмтдийн үзэж байгаагаар, сэтгэл санаа хямрах нь зүрхний булчингуудын хэвийн үйл ажиллагаанд ноцтой өөрчлөлт оруулдаг аж. 

Холбоотой мэдээ