Хүчирхийллийн эсрэг тайван жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-08 15:09:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр “Хөөрхөн зүрх” ТББ-аас Д.Сүхбаатарын талбайд “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй бүхий л төрлийн хүчирхийллийг хамтдаа таслан зогсооё!” уриан дор тайван жагсаал зохион байгуулав.

Хүчирхийллийн эсрэг, охид, бүсгүйчүүдээ хүчирхийллээс хамгаалахын төлөө бүх нийтийг уриалсан жагсаалд Монголын Эмэгтэйчүүдийн сан, “Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”, “Сонсголгүй эмэгтэйчүүдийн биен даан амьдрах төв” зэрэг иргэний нийгэм, олон нийтийн байгууллагын төлөөлөл болон их, дээд сургуулийн оюутнууд өргөнөөр оролцож “Гинжийг таслая” флашмоб хийв. “Нэг тэрбумаар тэмцэж, эмэгтэйчүүдийн эв нэгдлийн төлөө хана босгоё” гэсэн тайван жагсаал энэ өдөр Ховд, Дорноговь зэрэг зарим аймаг, орон нутагт болов.


Мөн энэ өдөр Монголын Залуучуудын холбооноос “Нэг дэлхий-Нэг хүсэл” уриан дор эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг уриалж Д.Сүхбаатарын талбай, Энхтайваны гүүр хүртэл тайван жагслаа. Жагсагчид “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” гэсэн уриа лоозон барьсан байв.



Холбоотой мэдээ