Ё.Баатарбилэг: БСШУС-ын салбарын эрх зүйн шинэчлэлийн жил байх болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-09 15:22:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын тушаалаар салбарын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн МУИС-ийн Номын санд өнөөдөр боллоо.


Зөвлөгөөнийг нээж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэв.

Тэрбээр, "Салбарын хэмжээнд нийт 3 218 байгууллагад 105 291 албан хаагч ажиллаж байгаа нь Монгол Улсын төрийн албан хаагчдын 54.7 хувийг эзэлж байна. Монгол Улсын нийт хүн амын 32.5 хувь нь сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсрол эзэмших боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа бол соёл, урлаг, шинжлэх ухаан, спортын салбараар үйлчлүүлэгч иргэдийн тоо давхардсан тоогоор 6 сая орчимд хүрсэн нь тус салбарын ажлын цар хүрээ, үйлчилгээний хүртээмж өргөн байгааг илэрхийлж байна. БСШУС-ын салбарт нийт 18 хууль, 14 олон улсын конвенц, 6 УИХ-ын тогтоол, 33 Ерөнхийлөгчийн зарлиг, 132 Засгийн газрын тогтоол, шийдвэр, 128 сайдын тушаал хүчин төгөлдөр мөрдөж байна. Цаашид салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгохоор 13 хууль, 9 Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулах болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоомжуудыг боловсруулж, Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ он БСШУС-ын салбарын эрхзүйн шинэчлэлийн жил байх болно.


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг барьж, хүн амын соёл, боловсрол, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны улсын төсөвт шилжих 222, шинэ 381 төсөл хөтөлбөрийн 616.4 тэрбум төгрөг БСШУС-ын салбарт батлагдсан. Шинээр батлагдсан 381 төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга болон ТӨБЗГ-т шилжүүлээд байна. Салбарын хөрөнгө оруулалтын богино болон дунд хугацааны тэргүүлэх чиглэл нь хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, анги дүүргэлт хэт их буюу 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийг 2 ээлжинд шилжүүлэх, малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулах, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт дэд бүтцийг сайжруулах, үндэсний урлагийн ордон, байгалийн түүхийн музей, театр байгуулж, соёл урлагийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байна" хэмээв.



Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 160 гаруй удирдах албан тушаалтан оролцлоо. Тус зөвлөгөөнд оролцогчид салбарын бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нийт удирдах ажилтанд хандаж, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүү хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд онцгой анхаарах, иргэний ёс зүйн боловсролын жил болгох чиглэлд 19 зүйл бүхий уриалга гаргалаа.

Холбоотой мэдээ