Тереза Мэй Засгийн газрынхаа гишүүдийн дэмжлэгийг алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /TASS/. Их Британи Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарахтай /Brexit/ холбоотойгоор хямралын нөхцөл байдал үүссэний улмаас тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй сайд нарын танхимынхаа бараг бүх гишүүдийн дэмжлэгийг алдсан байна. Энэ тухай “The Daily Telegraph” сонинд Их Британийн Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.
Тус сонинд мэдээлснээр, хэрэв ЕХ-той хамтран ажиллах гэрээ байгуулахгүйгээр тус холбооноос гарахыг Их Британийн парламент дэмжихгүй бол Мэйг долдугаар сард багтаан огцруулахыг Засгийн газрын гишүүд дэмжиж байгаа аж. “Сайд нарын танхимд Мэйг дэмжиж байгаа ердөө хоёр гишүүн бий. Үлдсэн нь түүний удирдах чадварт итгэх итгэлээ алдсан. Консерватив намын шинэ тэргүүн Brexit-ийн асуудлаарх дараагийн хэлэлцээг хийх ёстой гэж тэд үзэж байгаа” гэж эх сурвалж онцлон хэлсэн байна.
Их Британийн парламент “Brexit”-ийн нөхцөлийн талаар Брюссельтэй байгуулсан гэрээг батлах эсэхийг гуравдугаар сарын 12-нд дахин хэлэлцэж, санал хураана. Энэ санал хураалтад Мэй ялагдах төлөвтэй байна. Хэрэв уг гэрээг батлахгүй бол гэрээ байгуулахгүйгээр буюу “хатуу нөхцөлтэйгөөр” “Brexit”-ийг хэрэгжүүлэх асуудлыг парламентын гишүүд ирэх долоо хоног гэхэд хэлэлцэж магадгүй. “Хатуу нөхцөлтэйгөөр” ЕХ-ноос гарахыг дэмжихгүй бол тэд “Brexit”-ийн хугацааг хойшлуулах асуудлыг судлах хэрэгтэй болох бөгөөд энэ нь Мэйн байр суурийг бүр мөсөн сулруулна гэж тус сонинд бичжээ.