Ойн менежментийн талаар нэгдсэн ойлголтод хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-11 17:19:36

Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймгийн БОАЖГ-аас "Хариуцлагатай ойн менежмент" анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Байгаль орчны тухай багц хууль тогтоомж, ойн менежментийн талаарх мэдлэг чадварыг сайжруулах, нэмэгдүүлэх ялангуяа ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, төрийн байгууллагын төлөөллүүдийг нэгдсэн нэг ойлголттой болгох нь зөвлөгөөний зорилго байлаа.

Зөвлөгөөнд 19 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагын төлөөлөл, ойн менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, Архангай аймагт байгаль орчны чиглэлээр хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн зохицуулагч, ажилтан нар гээд нийт 150 хүн оролцсон юм.

Оролцогчдод ойн менежментийг хэрэгжүүлэх арга зам, түүнд нутгийн иргэдийн оролцоо ямар байх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, мод бэлтгэлийн технологийн карт боловсруулах арга, мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг хэрхэн цахимжуулах, хог, бэлчээр ашиглалт гэх зэрэг арав гаруй илтгэлийг холбогдох хүмүүст тавилаа.

Холбоотой мэдээ