Хамт олноороо нэг өдрийн цалингаа хандивлаж 3 ажилтандаа гэр бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-03-12 09:28:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Ус суваг ХК-ийн нийт ажилчид хүмүүнлэгийн “Тус” төвийн аянд нэгдэж нэг өдрийн цалингаараа байгууллагадаа олон жил ажилласан 3 ажилтандаа өргөө цагаан гэр авч өгчээ.

“Дүүрэн сэтгэл” ТББ-ын дэргэдэх “Тус” төвийн үйл ажиллагаанд нэгдэж бүх ажилчин нэг өдрийн цалингаа хандивлаж түрээсийн байранд амьдардаг, ам бүл олон гурван ажилтандаа 5 ханатай гэр бэлэглэж төвийн үйл ажиллагааг дэмжин оролцжээ.

Байгууллагынхаа нийт ажилчдын сэтгэл шингэсэн хандивын гэрийг Дархан-Ус суваг ХК-ийн Усан хангамжийн албаны засварчнаар 35 дахь жилдээ ажиллаж байгаа Ц.Батдорж, Орон сууцны албаны засварчнаар 12 дахь жилдээ ажиллаж байгаа Ж.Батцэнгэл, Нийтлэг үйлчилгээний албанд үйлчлэгчээр 11 дэх жилдээ ажиллаж байгаа С.Ганцэцэг авчээ.

Дархан-Ус суваг ХК нийт 200 гаруй ажилтантай. Эдгээр ажилчид өөрсдийн сайн дурын үндсэн дээр нэг өдрийн цалингаа хандивлаж зургаан сая зургаан зуун мянган төгрөгийг цуглуулсан аж.

Тус компанийн ажилчдын төлөөлөл  хэлэхдээ, "Тусалъя гэвэл заавал алсад байгаа нэгэнд бус дэргэдээ байгаагаа эхлээд судлах хэрэгтэй. Магадгүй хамт ажиллаж байгаа нэгэнд чинь тус хэрэг болсон бол ганцаараа тус хүргэж чадахгүй бол хамт олноороо нэгдэн тусалж болдог гэдгийг манай байгууллагын хамт олон харуулж чадлаа" гэсэн юм.

Ийнхүү Дархан-Ус суваг ХК-ийн хамт олон нэг өдрийн цалингийн хандиваараа гурван ажилтнаа өргөө цагаан гэртээ болгов.

Холбоотой мэдээ