Г.Ганболд: Энэтхэг, Монгол Улсын худалдаа сүүлийн гурван жилд гурав дахин өссөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-12 11:35:50
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Монгол Улсын ГХЯ болон Энэтхэгийн ГХЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд 20 сэтгүүлч өнгөрсөн сарын 25-наас гуравдугаар сарын 4 хүртэл Энэтхэг улсад аяллаа. Уг аяллын бүрэлдэхүүнд Монголын өдөр тутмын  сонин, телевиз, сайтын сэтгүүлч, уран бүтээлчид багтсан юм. Бид Энэтхэг улсын хөгжил, цэцэглэлт, хоёр улсын хамтын ажиллагаа, шашин, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахын сацуу тус улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г. Ганболдтой уулзсан юм.


-Энэтхэг, Монгол хоёр улс нь түүх, шашин, соёл, урлагаараа эртний харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа салбар бүрт өргөжин тэлж байна. Үүний нэг нь манай улсын уул уурхайн салбарын хөгжилд хөрөнгө оруулалт хийж буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл юм. Уг хөрөнгө оруулалтаар Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон. ТЭЗҮ болон тендер шалгаруулалт нь ямар шатандаа байгаа вэ?

-Монгол, Энэтхэг улс нь олон зуун жилийн турш оюун санаа, түүх, соёлын харилцаатай явсаар ирсэн. Өмнө нь улс төр, соёлын салбарт түлхүү хамтардаг байсан бол одоо худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах чиглэлтэй байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад айлчлах үеэрээ хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах бүрэн боломж бий гэдгийг онцолж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд зориулж нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Үүнийг Монгол Улсын Засгийн газар хаана, хэрхэн үр дүнтэй ашиглах талаар судалгаа хийж боловсруулах үйлдвэр байгуулах, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт ашиглая гэсэн шийдвэр гарсан. Учир нь манай улс жилд нэг тэрбум долларын шатах, тослох материалыг импортоор авч, 6.4 сая баррель түүхий эд, газрын тосыг экспортолдог тул газрын тосоо дотооддоо боловсруулж, ажлын байр, гадаад валютаа нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. Энэ ажлын хүрээнд орон нутгийн дэд бүтцийг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн Энэтхэгийн талтай хамтран тендер зарласан. Төслийг гардан хэрэгжүүлэх зөвлөх компанийг шалгаруулж ТЭЗҮ-ийг нь боловсруулсан. Ирэх сард Улаанбаатар хотод уг ажлыг гүйцэтгэх компани төлөөлөгчийн газраа байгуулна. Том төсөл учир олон компани оролцоно. Үүнтэй холбоотойгоор “Энэтхэгийн аж үйлдвэрийг танилцуулахуй” гэсэн үзэсгэлэн ирэх сарын 25-27-нд Улаанбаатар хотод болно.


-Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь юу вэ?

-Жишээ нь, нэг тэрбум долларын зээл 2020 оноос  хэрэгжиж эхэлнэ гэж үзвэл 20 жилийн дараа 1.4 тэрбум доллар болно. 460 орчим сая доллар нэмэгдэж байна гэсэн үг. Энэ 460 сая долларыг Энэтхэг улс өөрийн улсын төсвөөсөө арилжааныхаа банкинд төлж бид 1 тэрбум доллараа л эргүүлэн төлөх юм. Өөрөөр хэлбэл, манай улсад ийм боломж олгож байна гэсэн үг. Гэхдээ банкны гүйлгээний шимтгэлд 1.75 хувийг манайх төлнө.

Мөн 200 сая доллараас илүү мөнгийг дэд бүтэц, стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэхэд зарцуулбал, төлбөрөөс чөлөөлөх хугацаа 5 биш 7 жил, эргэн төлөх хугацаа нь 20 биш 25 жил болж хөнгөрөх жишээтэй. Үүний үр дүнд нийгэм, эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгөх олон гарц бий болж байгаа юм. Мөн нэг тэрбум ам.доллараар нефть боловсруулах үйлдвэр байгуулахад арай хүрэхгүй. Учир нь  600 гаруй км үргэлжлэх хоолой тавих, нефтийнхээ чанарыг алдагдуулахгүйн тулд цахилгаан станц байгуулах гээд олон асуудал бий.


-Бид Энэтхэгийн Засгийн Газрын Уул уурхайн яамны сайдтай уулзах үед Энэтхэг Улс нь байгалийн ховор элементийг Монголоос авах сонирхолтой байгаагаа дурдаж байсан. Энэ тал дээр албан ёсны санал тавьсан асуудал байна уу?

-Энэтхэг улс нь 3.3 сая км хавтгай дөрвөлжин газар нутагтай. 7 сая гаруй усан хилтэй. Газрын тосныхоо 75 хувийг гадаадаас, 25 хувийг дотоодоосоо авч боловсруулдаг. Төмрийн хүдэр, нүүрс, цайраа гаднаас авдаг. Харин Монгол Улс байгалийн баялгаараа баян. Иймд Энэтхэг, Монгол хоёр улс нь уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжтой юм. Гэхдээ овор ихтэй, жин дардаг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хэцүү. Иймд манайхтай хамтран цахилгаан станц байгуулж үйлдвэрлэсэн цахилгаанаа хөрш зэргэлдээ улс орнуудад нийлүүлэх боломжтой.

Монгол Улс нь газар нутгийнхаа 30 гаруй хувийг геологийн хайгуулын нарийвчилсан судалгаанд хамруулж 8000 гаруй орд байгаагаа тогтоосон. Тиймээс Энэтхэг улстай хамтран хайгуулын судалгаа хийх боломжтой юм. Түүнийг яаж ашиглах вэ гээд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгох ч шаардлагатай. Энэтхэг улс нь манай улсаас хайлуур жонш, кокосжсон нүүрс, төмрийн хүдэр авах сонирхолтой байдаг. Гэхдээ газар зүйн байрлал, зам тээврийг нь шийдэх хэрэгтэй. Юун түрүүн газрын тосны үйлдвэрээ байгуулах хэрэгтэй юм.


-Монголчууд БНЭУ-д инженер техник, мэдээллийн технологи, буддын гүн ухааны чиглэлээр түлхүү суралцдаг.  Цаашид салбар, чиглэлийг нь өргөжүүлэх боломж хэр байна вэ?

-Энэтхэг улс нь их, дээд сургуулийнхаа үндсэн анги буюу инженер, байгалийн шинжлэл, мэдээллийн технологийн чиглэлээр манай улсаас жил бүр 50 оюутанг тэтгэлэгт хөтөлбөртөө хамруулдаг. Мөн салбар, салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй 200 боловсон хүчинг туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх тэтгэлэг зарладаг. Үүнийг оюутан, залуус, мэргэжилтнүүд маань ашиглах хэрэгтэй. Мөн Энэтхэг улстай бид хэд, хэдэн чиглэлд хамтран ажиллахыг зорьж байна. Үүний нэг нь мэдээлэл технологийн салбар юм.  Манай улс газар зүйн байрлалаараа Ази-Европыг холбосон том, том зах зээлүүдээр хүрээлэгдсэн байдаг. Иймд мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн аутсорсингийн талаар анхаарлаа хандуулж байна. Иймд тус улстай мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллаж “Мэдээллийн технологийн аутсорсингийн сургалтын төв” байгуулахаар ажиллаж байна. Компаниуд нь шалгарсан. Үйл ажиллагаа нь удахгүй эхэлнэ. Хоёрт, кибер аюулгүй ажиллагаа буюу цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  гуравт, сансар, хиймэл дагуулын салбарт хамтран ажиллах боломжтой. Энэ чиглэлээр суралцах, ажиллахаар ирж буй иргэд, оюутнууд олон байна. Дөрөвт, монголчууд бид биеийнхээ хэрэгцээт уургийг махнаас авдаг бол энэтхэгчүүд буурцгаасаа авдаг. Буурцаг нь хүний биед шингэц сайтай, тариалсан газартаа азотоор давхар баяжуулдаг сайн талтай бөгөөд хүний ходоод, эрүүл мэндэд нэн тустай хүнс юм. Тэр утгаараа Энэтхэг улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой юм. Манай улс 60 гаруй сая толгой малтай. Бид экспортод бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолтой. Тэгэхээр Энэтхэгээс мал эмнэлгийн тоног, төхөөрөмж, малын гоц халдварт өвчнийг анагаах эм авч болно. Энэтхэгт энэ чиглэлийн бүтээгдэхүүн хямд байдаг. Мөн хонины ноос нийлүүлж болно. Энэтхэгийн зарим хотод гар гаргаар хивс нэхдэг. Тэд монгол хонины ноос авах сонирхолтой байдаг. Хоёр орны худалдаа сүүлийн гурван жилд гурав дахин нэмэгдсэн. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.


-Энэтхэг улсад эмчлүүлэхээр ирж буй монгол иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Тус улсын эрүүл мэндийн салбарын үйлчилгээний онцлог, үнэ өртгийн хувьд хэр байдаг  вэ?

-Энэтхэгийн эмч нар нь туршлагатай, хувийн эмнэлгүүд нь үйлчилгээ, тоног төхөөрөмж сайтай. Ер нь энэтхэгчүүд англи хэлтэй учир хаана ч очоод боловсрол эзэмшчихдэг давуу талтай. Харин энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, Монголоос эрүүл мэндийн тусламж авахаар ирж буй иргэд өвчний оношоо зөв тодорхойлж нарийн мэргэжлийн эмч буюу гурав дахь шатлалын эмнэлэгтээ хандсан байх учиртай. Оношоо зөв тодорхойлуулаагүйгээс болоод энд ирээд онош зөрөх,  эмчилгээний явцад өөр өвчин гарч ирэх, визнийх нь хугацаа дуусах эсвэл суурь өвчнөө эмчлүүлж байж дараагийн эмчилгээгээ эхлүүлэхээс эхлээд олон асуудал тулгарч байна. Иймд эрүүл мэндийн байгууллагад зуучилж буй хүн нь мэргэжлийн байх, ажил үйлчилгээ нь хууль, эрх зүйн хүрээнд байх, Энэтхэгт ирлээ гэхэд хүлээж авах байгууллага, хувь хүн нь тодорхой, эмнэлгийн үйлчилгээ, төлбөрөө урьдчилан ярилцсан байх гээд бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй байна. Хэрэв дээрх асуудлын нэгийг л тодорхой болгоогүй бол цаг хугацаа, эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирох тохиолдол гарч байна. 


-Энэтхэгт хүүхдээ эмчлүүлэхээр ирсэн нэгэн залуу гэр бүл эмчилгээний төлбөрөө төлж чадахгүй тухай яригдаж байсан. Хүүхдийн биеийн байдал хэр байна? Мөн таныг тэдэнд туслахгүй байгаа талаар цахимаар мэдээлсэн байсан?

-Өнгөрсөн оны наймдугаар сарын 12-нд Монголоос ирсэн залуу гэр бүл нярай хүүхдээ эмчлүүлэхээр ирсэн. Бидэнтэй ерөөсөө холбоо бариагүй учир бид хайсаар байгаад 12 дугаар сарын 7-нд уулзсан. Тэдэнтэй уулзаж ярилцахад, хүүхдийнхээ зүрхний өвчинг эмчлүүлэхээр хагалгаа хийлгэсэн ч үрэвсэл үүссэн гэж хэлсэн. Тэд эмнэлгийн халдвар гэж үзсэн учир ЭСЯ-наас тусалж эмнэлгээс нь гаргаж, эмчилгээний төлбөрөөс нь 100 хувь чөлөөлүүлсэн. Ингээд хоёр дахь эмнэлэгтээ хэвтээд гурван сар гаран болоход 56 мянган ам. доллар буюу 3.8 сая рупигийн төлбөр гарсан байсан. Төлбөр их өндөр байсан тул бид эмнэлэг болон гэр бүлийнхэнтэй нь ярилцаж нийт мөнгөний 52 хувийг нь чөлөөлүүлсэн. Энэ нь эмч, эмчилгээний зардал байсан. Харин эм, тарианы зардал болох 48 хувийг нь төл гэсэн шаардлагыг тухайн эмнэлгээс нь тавьсан. Нөхцөл байдлыг залуу гэр бүлд хэлэхэд, ЭСЯ-наас 100 хувь чөлөөлүүлж өг гэсэн. Ингээд бага зэргийн үл ойлголцол гарсан. Төлөх ёстой 48 хувь нь 25 мянган ам доллар болж байгаа юм.  Үүнийг 1-2 жилийн хугацаанд төлнө гэвэл ЭСЯ-наас батлан даагаад төлбөр тооцоогоо дуусгая гэсэн. Мэдээж 25 мянган доллар залуу гэр бүлийн хувьд их мөнгө. Тухайн үед Монгол Улсын БХЯ, ЭМЯ-наас мөнгөн тусламж ч үзүүлье гэсэн. Гэхдээ энэ асуудал нааштайгаар шийдэгдчих байхаа. Элчин сайдын яамны зүгээс бүхий л боломжоороо  тусалж визнийх нь хугацаа дууссаныг дахин сунгуулж энэ сарын 8-нд нутаг буцаагаад байна.

-Баярлалаа. 


 

 

 

Холбоотой мэдээ