Хүчний байгууллагын 400 гаруй тамирчин спортын 10 төрлөөр өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-12 16:50:54

Ховд /МОНЦАМЭ/ Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас санаачлан Ховд аймагт  үйл ажиллагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спортын олон төрөлт тэмцээн” өнөөдөр эхэллээ.

Тэмцээнд нийтдээ 15 байгууллагын 12 багийн 400 гаруй тамирчин оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөг, буудлага, шатар, ширээний теннис, шагайн харваа, олс таталт зэрэг спортын 10 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. 

Тэмцээний зорилго нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, биеийн тамир, спортыг олон нийтийн хүртээл болгон хөгжүүлэхэд чиглэж байна.

Энэ удаагийн тэмцээн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж, аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулж байгаагаараа онцлог юм.

Тэмцээний шилдэг баг, тамирчид энэ сарын 15-ны өдөр тодорно. 

Холбоотой мэдээ