Түүх дурсгалын ховор олдворыг тонох гэж байхад нь баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-13 19:14:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн "Гол мод-2" хэмээх Хүннүгийн үеийн ховор олдворыг тонох гэж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Түүх дурсгалын ховор олдворыг тонон дээрэмдэх гэж байсан бүлэг этгээдийг цагдаад мэдээлэн баривчлуулсан хүн нь түүхч, археологич, доктор Д.Эрдэнэбаатар аж. Түүнээс дараах зүйлийг лавлаж тодрууллаа.

-Таны мэдээллээр цагдаа нар булш бунхан ухсан этгээдүүдийг баривчилсан юм уу?

- Уржигдар нутгийн иргэд надад утсаар анх мэдээлэхэд нь, би твитерээрээ дамжуулан олонд хүргэсэн. Сумын цагдаа нар шуурхай ажиллаж тонуулч этгээдүүдийг барьсан байна. Одоо Архангай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

-Та одоо хаана явна вэ?

- Би Архангайд очиж, түүх соёлын дурсгалын ач холбогдлын талаар мэдүүлэг өгөөд ирлээ. Харин ч хулгайч нар түүх соёлын үндсэн олдвор руу орж амжаагүй юм шиг байна. 

-Урьд нь ийм хэрэг гарч байсан уу?

-Өнгөрсөн өвөл нэг ийм мэдээг нутгийнхан өгч байсан. Саяын баригддаг нөхдүүд бол хоёр дахь удаагийн үйлдлээ хийсэн бололтой юм. Эрдэнэт, Булган, нутгийнхан нийлсэн хэдэн этгээд байна. Нутгийнхан харин сайн харж хамгаалдаг учраас гайгүй байгаад байгаа юм.

-Яг хаанахын булшийг ухах гэж оролдсон юм бэ?

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Балгасын тал дахь "Гол мод-2" гэдэг судалгаа, шинжилгээний гол газар л даа. Тэнд 200 гаруй булш байгаа. Судлаад гурван жил болж байна. Судлахаас өмнө олдворууд нь тоногдвол хэцүү юм болно. Нутгийн иргэдийн түүх соёлоо хамгаалах идэвх сайн байдаг юм. Бид ч байнга холбоотой ажилладаг.   


Холбоотой мэдээ