Гэр хороолол дахь “Дэд бүтцийн төв”-ийн загвар төсөлтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-13 18:52:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэр хороололд барьж буй “Дэд бүтцийн төв”-ийн загвар төсөлтэй өнөөдөр нийслэлийн удирдлага танилцлаа.

Гэр хороолол дахь амины орон сууцанд инженерийн болон нийгмийн дэд бүтэц хүргэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй тохилог орчин бий болгохоор хэрэгжүүлж буй "Дэд бүтцийн төв" төслийн эхний загвар нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII хорооны 11-15 дугаар гудамжинд хэрэгжиж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн VII хороо нь Улаанбаатар хотын гэр хорооллын хамгийн их нягтралтай хэсгүүдийн нэг бөгөөд 2017 оноос тус хорооны таван гудамжны 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт "Дэд бүтцийн төв" төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Төсөлд хамрагдсан таван гудамжинд инженерийн шугам сүлжээ татаж, өдгөө айл өрхүүд гэр рүүгээ холболт хийх л үлдээд байгааг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэлэв. Нийтдээ 285 айлыг инженерийн шугам сүлжээнд холбох ёстойгоос өнөөдрийн байдлаар 40 орчим өрхийг холбоод байна. Мөн төсөлд хамрагдсан 285 өрхийн 28 нь амины орон сууц барьж, 104 нь агаарын бохидлыг бууруулах аяны хүрээнд гэрээ дулаалжээ.

Төслийн хүрээнд тухайн хорооны хоёр гудамжийг жишиг гудамж болгон тохижуулжээ. Энд дулааны 85, бохирын 92 худаг гаргаж, дулааны 2805, бохирын 2200 мерт шугам татсан байна. Ирэх сараас инженерийн шугам сүлжээг айлууд руу хүргэж эхлэхээр төлөвлөжээ. Цаашид 2.2 км урт авто болон явган зам тавьж, ногоон байгууламж, хиймэл нуур байгуулан, орчныг нь иж бүрэн гэрэлтүүлэг, камертай болгох юм.

Улаанбаатар хотын гэр хороололд байгуулсан анхны цэвэрлэх байгууламжийг Чингэлтэй дүүргийн VII хороонд "Дэд бүтцийн төв" төслийн хүрээнд барьж, ашиглалтад оруулж байна. Тус байгууламж нь өдөр 500 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд өргөтгөн ашиглах боломжтой аж. Түүнчлэн бохирыг 99.9 хувь цэвэршүүлнэ гэдгийг албаныхан онцлов.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Дэд бүтцийн төв" төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын орчин, нөхцөл сайжраад зогсохгүй ажлын байр бий болгож буй давуу талтай”-г онцлов. Тиймээс дэд бүтцийн төвийн ашиглалтыг, үйл ажиллагааны менежментийг анхнаас нь зөв авч явах ёстойг хэллээ. Мөн дан ганц төсвийн хөрөнгө оруулалт бус, бусад эх үүсвэрийн санхүүжилтээр тус төслийг үлдсэн байршлуудад хэрэгжүүлнэ гэсэн юм.

 

Холбоотой мэдээ