Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх түр цэгийг жилийн турш ажиллуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-14 11:12:14

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Мал эмнэлгийн газраас 2018 онд мал эрүүлжүүлэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн хийсэн талаарх мэдээллийг өглөө.

Тухайлбал мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд аймгийн 803,5 мянган мал хамрахаас 795,5 мянган мал хамарч 99 хувийн биелэлттэй байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үйлчилгээний хөлс 269,7 сая төгрөгийг хугацаанд нь олгуулжээ. Харин шимэгчлэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 2005.0 мянган мал хамрахаас 2042,9 мянган малд угаалга, туулгалт боловсруулалт хийж 100 хувийн биелэлттэй байна гэв.

Мөн бруцеллёз өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд төл малын 98 хувь нь, мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 13 сумын 700 орчим мянган мал хамарчээ. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчин төвийн бүсийн аймгуудад гарсантай холбоотойгоор эрүүл бүс нутгаа хадгалахын тулд мал эмнэлгийн хяналтын түр цэгийг Их-уул сумын Цэцүүх багийн нутаг Солонготын даваанд жилийн турш ажиллуулжээ. Энэ хугацаанд мал эмнэлгийн хяналтын цэгээр 6000 орчим тээврийн хэрэгсэл, 32 мянга орчим зорчигч, 53617 мал, 1739,5 тонн мах, 214 мянга орчим ширхэг арьс шир, 860 гаруй тонн ноос, ноолуур дайран өнгөрсөнд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагааны зардалд улсын мал эмнэлэг үржлийн газраас 29 сая орчим төгрөг, аймгийн Засаг даргын нөөц сангаас 20.5  сая төгрөг нийт 49.3 сая төгрөгийг зарцуулсан  тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ. 

Холбоотой мэдээ