Шалгарсан гар зураг, видео бичлэгийн бүтээлийг улсын уралдаанд явуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-03-14 16:44:58

Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн IX-XII ангийн сурагчдын дунд БОАЖЯ, “Цэнгэг усны нөөц” байгаль хамгаалах төвөөс зарласан видео болон гар зургийн уралдааныг зохион байгуулжээ.


Гар зургийн уралдаанд сурагч Ө.Өрнөхцэцэг, Ө.Бямбажав, И.Бат-Ирээдүй нарын бүтээл эхний 3 байр эзэлсэн бол видео уралдаанд Т.Эрдэнэхүү багштай “Эко” клубын сурагчид шалгарсныг БОАЖЯ, “Цэнгэг усны нөөц” байгаль хамгаалах төв рүү улсын уралдаанд оролцуулахаар явуулсан байна.


Энэхүү уралдааныг тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Холбообаатар, байгаль хамгаалагч Н.Нарболд, Ерөнхий боловсролын сургуулийн багш Т.Эрдэнэхүү, Н.Лхагвасүрэн нар хамтран явуулсан бөгөөд энэ нь хүүхдүүдийг сумандаа идэвхжүүлж, байгалиа хамгаалах сэдлийг төрүүлж, цааш нь түгээн дэлгэрүүлж буйгаараа ач холбогдолтой юм. Мөн улсын уралдаанд сумандаа тэргүүлсэн бүтээлийг явуулж байгаа нь хүүхдүүдийнхээ идэвх санаачилгыг дэмжиж буй нэг хэлбэр юм гэж багш Т.Эрдэнэхүү хэлж байв.  


Тус уралдааныг БОАЖЯ, “Цэнгэг усны нөөц” байгаль хамгаалах төвөөс зарласан “Ногоон паспорт” аяны хүрээнд “Байгаль хамгаалах уламжлал” сэдэвт гар зургийн болон “Нэг удаагийн нийлэг гялгар уутнаас татгалзъя” видео уралдааныг зарлаад байсан юм. 

Холбоотой мэдээ