Сургуулийн ойр байрлах худалдаа, үйлчилгээний газрууд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-14 17:29:59

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн ойр байрлах хоёр хүнсний дэлгүүр, нэг цайны газар, нэг PC тоглоомын газруудын үйл ажиллагаанд энэ сарын 13-нд хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтаар үйл ажиллагаа явуулах эрхийн бичиггүй, цагийн хуваарьгүй, үйл ажиллагаа явуулж буй байр, хоолны сав, шанага зэргээс эхлээд орчин нөхцөл нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгатал зарим газрын үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн юм.

Мөн ноцтой нэг зөрчил илэрсэн нь хадгалалтын хугацаа дууссан бэлэн гоймон, масло гэх мэт 10 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн байсныг хураан авч устгасан байна.

Энэхүү хяналт шалгалтыг “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг ТББ, 2-р сургуулийн сургалтын албатай хамтран явуулсан ба бусад бүх сургуулийн ойр байрлах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ.

Мөн Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн сурагчид болон эцэг эх, багш нарын төлөөлөлд “Ухаалаг хэрэглээ”, “Цахим хэрэглээний хор уршиг”, “Эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн”, "Хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх нь" зэрэг сэдвийн хүрээнд сургалт мэдээлэл зохион байгууллаа. Сургалтад 200 гаруй сурагч, эцэг эх хамрав.

Холбоотой мэдээ