Нийслэлийнхэнд цэрэг, армийг сурталчилсан өдөрлөг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-14 14:39:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс зохион байгуулсан “Төрийн батлан хамгаалах үйлчилгээний өдөрлөг” хүндэтгэлийн хурал СТӨ-нд өнөөдөр боллоо.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд болж буй өдөрлөгөөр нийслэлийн иргэдэд төрийн батлах хамгаалах үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалахын хуулиуд, Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчилж байна.

Өдөрлөгийг нээж, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлэхдээ, “Бид энэ оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарлаж, миний хувьд ажлаа хүлээн авахдаа ч төрийн захиргааны байгууллагыг иргэддээ ойр үйлчилж, тэдний оролцоонд тулгуурлан ажиллаж байхаа амласан. Аливаа нэг ой, тэмдэглэлт өдрийг бэлэг, тэмдэг тарааж, заавал мөнгө хөрөнгө гаргаж нүсэр хийхийг оронд, иргэдэд хэрэгтэй зүйлийг хийх байдлаар зохион байгуулна. Өнөөдрийн өдөрлөг ч энэ зорилгоор болж байна” гэдгийг хэлээд, “Зэвсэгт хүчний 98 жилийн ойг угтан БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран Улаанбаатар цэргийн хүрээний байгууллагуудын орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна” гэв.


Нийслэлийн төр-захиргаа, орон нутгийн байгууллагууд хуулийн хүрээнд иргэдийн үндсэн үүрэг болох цэргийн гэрээт алба болон хугацаат цэргийн албыг хаах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нөхөн хангах, дайчилгааны бэлтгэл нөөцийг давтан сургах, "Оюутан цэрэг сургалт" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэн батлан хамгаалах салбарынхантай нягт хамтран ажиллаж байгааг нийслэлийн Засаг дарга цохон тэмдэглэв. 





Өдөрлөгийн үеэр, Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчин Г.Батмөнх, Ц.Чимэдцэрэн нарт хүндэтгэл үзүүлж батламж гардууллаа. Мөн 18 нас хүрч байгаа иргэдийг төлөөлж 9 иргэнд дурсамж гардуулан өглөө.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Халхын гол 80 жил” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд оролцож шалгарсан сурагчдад шагналыг нь гардуулан өгсөн юм. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулга хамтарсан тоглолтоо толилуулав.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ