Улаанбаатар-Чойрын уулзварын 20.9 км автозам 11 дүгээр сард ашиглалтад орно

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-03-15 13:17:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Чойрын уулзвар чиглэлийн 20.9 км автозамыг ирэх сарын 01-нээс эхлэн шинэчилж эхлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, “Бүтээн байгуулалтын бэлтгэл бүрэн хангагдаж, газар чөлөөлөлт дууссан. Энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусах энэхүү бүтээн байгуулалтаар тус замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгон өргөсгөх юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс ирэх сарын 15-наас эхлэн үндсэн замыг хаах аж. Энэ хүрээнд зүүн аймгуудаас Улаанбаатарт ирэх болон нийслэлээс зүүн чиглэлд зорчих бүх автомашиныг Налайх, Чойрын уулзварын дөрөвдүгээр зөрлөг-Зуунмод-Улаанбаатар чиглэлээр зорчуулах юм. Харин ирэх сарын 15-наас ашиглаж эхлэх түр замаар Налайх, Хонхор, Ургахнаран хорооллын иргэдийг тээвэрлэх нийтийн тээврийн хэрэгсэл, 8 болон түүнээс доош суудалтай тээврийн хэрэгсэл зорчино. Түүнчлэн Улаанбаатар-Налайх чиглэлийн үйлчилгээнд “Рейлбус” гаргахаар ярилцаж байна. Бүтээн байгуулалтын ажил энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусах юм” гэлээ.

БНХАУ-ын 36.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх энэхүү бүтээн байгуулалтыг Хятадын “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компани хариуцах юм. Нийслэлийн удирдлагуудын саналаар тус автозамыг явган хүний болон унадаг дугуйн замтай болгосон гэдгийг мөн цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ