Х.Баттулга: Тусгай хэрэгцээт боловсрол олгох бие даасан хуультай болох цаг ирсэн

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-03-15 14:40:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тусгай хэрэгцээт боловсролын салбарын өнөөгийн байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр анх удаа зохион байгууллаа.


Тусгай хэрэгцээт боловсролын тэр дундаа дефектологич буюу согог зүйч мэргэжлийн багш нарыг 1960-аад оны дунд үеэс 1990-ээд оны эхэн үе хүртэл гадаадад зохион байгуулалттай бэлтгэж байжээ. Тухайлбал, Унгарын Будапештын Эмнэлэг сурганы дээд сургууль, Оросын Ленинград, Москва, Эрхүүгийн Багшийн дээд сургуульд хараа, сонсгол, хэл яриа, оюун ухааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр 100 гаруй багш бэлтгэж, тусгай хэрэгцээт боловсролын сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн багш боловсон хүчнээр хангаж ирсэн түүхтэй.


Өнөөгийн байдлаар, Монгол улсад 11000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус байгаагаас бүх шатны боловсролд 25 хувь нь хамрагдаж байна. Зургаан тусгай сургалттай сургуульд 1531 хүүхэд, 2 тусгай цэцэрлэгт 172 хүүхэд суралцаж байгаагаас нэг ангид оюуны хөгжлийн бэрхшээлтэй, аутизмын эмгэгтэй, дауны хам шинжтэй, саажилттай, бие эрхтний бэрхшээлтэй, унаж татдаг, зан төлвийн өөрчлөлттэй гэх мэт эмгэгтэй 10-18 сурагч суралцаж, тэдэнд ердөө 2 багш хичээл зааж байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Олон улсад  тусгай сургуулийн ангид 4-8 сурагчтай, 3-4 багштай байдаг байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, “Оюун ухааны болон бие бялдрын бэрхшээлтэй хүүхэдтэй тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохирсон арга зүйгээр сургалт явуулж, хөгжүүлж ажиллах, сургалтын орчин, хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, гарын авлагагүйгээс хүүхдийн сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байгааг өнөөдөр онцлох нь зүйтэй.

Хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 хувийг эзэлж байна гэсэн статистик мэдээлэл байна. Энэ бол маш хангалтгүй тоо. Үлдсэн 80 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлж чадахгүй,  бусдаас хараат амьдарч байна гэсэн үг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь маш чухал асуудал.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг ажлын байраар хангахын тулд бодлогоор дэмжин мэргэжил сургалтын төвүүдэд мэргэжлийн чиг баримжааг түлхүү олгох, улмаар мэргэжилтэй болсон залуучуудыг ажлын байран дээр дасан зохицож ажиллах сургалтыг зохион байгуулахад анхаарах шаардлагатай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын боловсролыг дэмжсэн тэгш хамран сургах, тусгай хэрэгцээт боловсролыг олгох зохицуулалтуудыг тусгасан бие даасан хуультай болох цаг ирсэн гэж бодож байна.

Аливаа улс үндэстэн нийгмийн нэг хэсэг болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд онцгой анхаарч ирсэн. Бид ч мөн адил төрийн бодлого шийдвэртээ тусгайлан анхаарч явах хэрэгтэй юм. Нийгмийн хайр халамжийг бусдын адилаар хүртэх ёстой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээт боловсролын асуудалд тусгайлан анхаарч байгаа энэхүү хэлэлцүүлгээс зөв шийдэл, оновчтой саналууд гарч холбогдох газруудад зөвлөмж, чиглэл болон хүрч амьдралд хэрэгжинэ гэдэгт гүнээ итгэж байна” гэв.

Мөн тэрбээр 2018 оны есдүгээр сарын 4-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах асуудлаар зарлиг гарган, Засгийн газарт чиглэл болгон хүргүүлснээс хойш зургаан сар өнгөрснийг хэлж, дээрх заалтыг хэрэгжүүлэхэд л 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх боломжтой гэв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, тусгай хэрэгцээт боловсролын байгууллагууд хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлгээр тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудыг эрэмбэлэн тогтоож, шийдвэрлэх талаар холбогдох газруудад зөвлөмж, чиглэл өгөхөөр тогтов. Тухайлбал, тусгай хэрэгцээт боловсролын стандартыг шинэчлэн тогтоох, тусгай хэрэгцээт сургуулиудын гадна ба орчны стандартыг бий болгох, шинэчлэн мөрдөх, шаардлагатай ном, сурах бичгийг хэвлэж, сурагчдыг ном сурах бичгээр хангах, харааны бэрхшээлтэй иргэдийн брайль үсэг, дохионы хэлний стандартыг бий болгох зэрэг асуудлаар ярилцаж хэлэлцлээ.


Хэлэлцүүлэгт БСШУСЯ, ЭМЯ, Зам, тээврийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон тусгай хэрэгцээт боловсролын салбарт ажиллаж буй багш ажилчид, эрдэмтэн судлаачид, эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцов.

Холбоотой мэдээ