Дэлхийн үнэлэмжийн судалгааг Монгол Улсад явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-15 14:52:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн Дэлхийн үнэлэмжийн судалгааны холбооны Нарийн бичгийн дарга Ксения Кизиловатай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.


Улмаар тус хоёр байгууллага хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж 2019 оноос Дэлхийн үнэлэмжийн судалгааг Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгч, доктор Ц.Цэцэнбилэгийн удирдлага дор Монгол Улсад зохион байгуулж явуулахаар тохиров.


Дэлхийн үнэлэмжийн судалгааны холбоо нь(www.worldvaluessurvey.org) Швед улсын Стокгольм хотод байрладаг нийгмийн болон улс төрийн амьдралд үзүүлж буй үр нөлөө, үнэт зүйлсийн өөрчлөлтийг судалдаг нийгмийн шинжлэх ухааны судлаач эрдэмтдийн дэлхий нийтийн сүлжээ бүхий олон улсын судлаачдын баг юм. 


Дэлхийн үнэлэмжийн судалгааг 1981 оноос хийж эхэлсэн бөгөөд өдгөө 115 оронд 400 мянган хүний дунд явуулжээ. Тус судалгаа нь эрдэмтэн, бодлого боловсруулагч нарт дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн итгэл үнэмшил хийгээд үнэлэмж, сэдлийн өөрчлөлтийг ойлгуулахыг зорьдог. Улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаач,социологич, нийгмийн сэтгэл зүйч, антропологич, эдийн засагч нарт эдийн засгийн хөгжил, ардчилал, шашин шүтлэг, жендэрийн тэгш байдал, нийгмийн капитал, хувь хүний сайн сайхан байдал зэрэг сэдвээр дүн шинжилгээ хийхэд мэдээллийн эх сурвалж, сан болдгоороо чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн эдгээр мэдээллийг засгийн газрын албан хаагч, сэтгүүлч, оюутан төдийгүй Дэлхийн банкны бүлгийнхэнд эдийн засгийн хөгжил болон соёлын хүчин зүйлсийн хоорондын уялдаа холбоог тодруулахад өргөнөөр ашигладаг байна. 

Холбоотой мэдээ