УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-20 18:02:09

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нар энэ сарын 19-нд Баянхонгор хотноо ажиллалаа.

Аймгийн ЗДТГ-ын Хэвлэлийн ажилтан /одоогоор Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч/ тус ажлын айлчлалын хөтөлбөрийг орон нутгийн хэвлэлийнхэнд өгөхөөс цааргалан “Нууц, дээрээс тийм шийдвэр өгсөн” гэх хариу өгсөн юм. Ийнхүү орон нутгийн хэвлэлийн хэсэг нөхөд гайхшран хоцорч, аймгийн Баганат талбайд болсон “Шинэ зууны илгээлтийн эзэд” аяны нээлтээс буюу УИХ-ын даргын айлчлалын дунд хэсгээс “барьж авсан юм”.

 “Илгээлтийн эзэд” ажилдаа мордлоо

Илгээлтээр явах эзэд, тэднийг ажиллуулах малчид өчигдөр 15 цагт аймгийнхаа Баганат талбайд цуглаад байв. Энэ арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИX-ын гишүүн Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, аймгийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

УИХ-ын дарга тус арга хэмжээнд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ, “Өнөөдрийн малчид 26 жилийн өмнөхөөс тав дахин их малыг гурав дахин бага хүчээр маллаж чадаж байна. Энэ нь хөдөлмөрийн бүтээмж 10 хэд дахин өссөн үзүүлэлт. Тэгэхээр илгээлтээр явах гэж буй залуус улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм. Урьд илгээлтээр ажилладаг байсан залууст цалин хөлс өгдөггүй байсан бол өнөөдөр Баянхонгорын илгээлтийн эздийн хөдөлмөрийн хөлсний талыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, үлдсэн хэсгийг захиалга өгсөн малчин өрх төлөхөөр болж. Энэ бол хэн хэндээ ашигтай. Ажилгүй хүн ажилтай болчихно, ажлаа дийлэхгүй байгаа малчин туслалцаа авч байна. Цаг үеэ олсон чухал ажил болж байгаа юм байна” хэмээн онцолж байв.

Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд малын тоо, толгой 3.7 саяд хүрч, таван төрөл дээрээ өсч байгаа бөгөөд малчдаас гаргасан хүсэлтийг үндэслэн Баянхонгор аймгийн Залуучуудын холбооны санаачилгаар улирагч оноос тус аян эхэлжээ. Мал төллөх үеэр малчдад туслах ажилтан ажиллуулах арга хэмжээний хүрээнд 230 хүнд долоо хоногийн илгээлт өгч, Баянхонгор аймгийн 15 сумын 230 малчин өрхөд ажиллуулж байжээ. Харин энэ жилийн тухайд улам өргөжүүлэн 15 сумын 390 өрхөд Илгээлтийн эзэд хүрч байна. Хөдөө ажиллах иргэдийн тэн хагас нь төрийн албан хаагчид бол ажилгүй иргэдээс мөн тооны залуусыг бүртгэсэн байна.

 УИХ-ын дарга ард, иргэдтэй уулзаж санал бодлоо хуваалцлаа

УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт ард иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийж, зарим хүмүүст Төрийн дээд одон медалийг гардууллаа. Мөн үеэр иргэдийн санаа бодлыг сонсон, зарим асуултад хариулт өгсөн. Улсын Их Хурлын даргын Баянхонгор аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад  Улсын Их Хурлын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, ИХТ-ын дарга Д.Ширмэн болон албаны бусад хүмүүс байлцав.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нийт 426 хууль, 64 тогтоол баталсан бөгөөд үүний 29 нь бие даасан хууль байсан, мөн 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг онцлов. УИХ-ын дарга танилцуулгын эхэнд Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгсөн. Мөн Өршөөлийн хууль, Хамтын тэтгэврийн тухай хууль, Үйлдвэрлэлийн дэмжих, Оюутан цэрэг хөтөлбөр зэрэг мэдээлэл өглөө.

Хамтын тэтгэвэрт, өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаад нас барсан иргэнтэй 15 ба түүнээс дээш жил хамт амьдарч байгаад үлдсэн эхнэр, эсхүл нөхөр, хамтын тэтгэвэр авагч нь эрэгтэй 60 насанд хүрсэн, эмэгтэй 55 насанд хүрсэн Монгол Улсын иргэн тэтгэвэр авагч хүн хамрагдах юм байна. Дээр заасан насанд хүрээгүй бол хамтын тэтгэврийг тухайн насанд хүрсэн үед нь олгож эхлэх бөгөөд эрх нь түүний эхнэр, эсхүл нөхрийг нас барснаас хойш 5 хүртэлх жилийн хугацаанд хадгалагдах аж. Бас энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх Захиргааны ерөнхий хуулийн талаар мэдээлсэн. Захиргааны ерөнхий хууль нь иргэнд ээлтэй захиргаа бий болгох, захиргаа хариуцлагатай, нээлттэй ил тод, нэгдсэн стандарт жишигтэй болгох зорилготой гэв.

Аж үйлдвэрийн төслүүд, эрчим хүч, барилга инженерийн дэд бүтэц, авто замд зарцуулсан бондын зарцуулалтын дүнг мөн иргэдэд танилцуулав. 2015 оны эхний хагас жилийн байдлаар 1055 үйлдвэржилтийн төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байна. Хатуу хучилттай замын хувьд,  1921-2012 он хүртэлх 91 жилд 2964 км зам барьсан бол 2013-2015 он хүртэлх 3 жилд 2720 км зам барьсан. Харин 2016 онд 1,284.05 км зам ашиглалтад орж байна. Инженерийн дэд бүтэц, эрчим хүч барилгад хөрөнгө оруулалт хийж, нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 МВт-ээр нэмэгдүүлснээр 163000 айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрджээ. 2015 онд эрчим хүчний салбар анх удаа алдагдалгүй ажилласан байна.  Цаашид Таван толгой, Эгийн голын станц ашиглалтад орсноор эрчим хүчний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, эрчим хүч гаднаас импортлох шаардлагагүй болохыг хэллээ.

Мөн УИХ-ын дарга 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн 8 хувийн хүүтэй ипотектийн зээлийг олгож эхэлсний үр дүнд өнөөдөр 76000 өрх шинээр орон сууцанд орж, жилд дунджаар 1322000 м2 орон сууц ашиглалтад орсон. Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр олон мянган монгол иргэн ажлын байртай болж, барилгын материалын үйлдвэрлэл хөгжин, үүнийг дагалдан тодорхой чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байна. “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ын шаардлагын хувьд, Ипотекийн 8 хувийн зээлээс 5 хувьд шилжиж эхэлсэн бөгөөд өнөөдөр /2016.03.19/ тус аймгийн Төрийн банкин дээр зарим иргэд ипотекийн 5 хувьд шилжих материалаа бүрдүүлэн, ипотекийн 8 хувийн зээлээс 5 хувь руу  шилжсэн талаар жишээ татсан. Орон нутгийн ипотекийн зээлийн тайлангаас харахад, Баянхонгор аймагт 847 өрх зээлд хамрагдсан байна. 

Танилцуулгын мэдээллийн дараа тус аймгийн иргэд УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авав. Иргэдээс тавьж байсан асуултын олонхи нь ипотекийн зээлтэй холбогдолтой байв. Мөн цалин тэтгэврийн нэмэгдэл ойрд хийгдээгүй, иргэдийн ахуй амьдрал улам бүр доройтож байгааг ч хэлэх нэгэн байсан.

Орон нутгийнхны татвар 1 төгрөгөөр ч нэмэгдээгүй

Баянхонгор сумын 3дугаар багийн Өндөр настан И.Лхагваа асуулт хариултын үеийг нэлээд “халуухан” эхлүүлсэн. Тодруулбал, Гишүүдийн ирц дутуу байхад хууль баталчихдаг нь учир дутагдалтай байдаг, Цалин тэтгэврийн нэмэгдэл сүүлийн жилүүдэд дорвитой хийсэгүй, иргэдийн амьдрал хэцүү байхад татвараа нэмлээ зэрэг асуулгуудыг УИХ-ын даргад хаяглав.

УИХ -ын дарга, “Иргэн н.Лхагваа гуайн хэлж буй ирцийн асуудалд 100 хувь санал нэгтэй байна. Нэг үеэ бодвол чуулганы үйл ажиллагаа маш нээлттэй болсныг та бүхэн харж байгаа байх. Хэн хуралдаа сууж байна, хэн хурал таслаад байгаа нь нүднээ илхэн болсон. Сонгогчид сонгосон гишүүний хуралдаа суухыг шаардах эрхтэй” гээд, Цалин тэтгэврийн нэмэлтийн тухайд дорвитой гар хүрч чадахгүй байгаа нь үнэ гэв. Учир нь цалин тэтгэврийн нэмэгдлийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсчихдөг. Энэ нь тэгэхээр цалингийн биш инфляцын өсөлт болчихож байгаа юм. Түрүүчийн Засгийн газрын 30 хувийн нэмэгдэл гэдэг бол харагдах өнгөний л нэмэгдэл болсон гэдгийг бид харж байна. Хэр хэмжээний мөнгө нэмэгдсэн, төдий хэмжээний зардал өсч байгаа л хэрэг. Энэ асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй гэсэн юм.

Мөн тэрээр хэлэхдээ, Орон нутагт амьдарч буй та нарын хувьд татвар ер нэмэгдээгүй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод амьдарч буй, архи тэмхи хэрэглэдэг, гэртээ биш буудал сав хэсч явдаг хүмүүст л хамаатай хэрэг. Нөгөө талдаа энэ жуулчдаас үлдэх татварыг л нэмсэн гэсэн үг. Та Улаанбаатар хот ороод архи тамхи хэрэглэхгүй, буудалд буухгүй бол татвах төлөхгүй ээ гэсэн үг гээд инээсэн.

Сонгууль болох гэж байна гээд төрийн ажлыг хойш тавилтай биш

Харин 1 дүгээр багийн иргэн, аймгийн ИТХ-ын төлөөлөлөгч н.Готов үргэлжлүүлэн асуухдаа, УИХ-ын дарга та Өндөр настан Лхагваагийн уучлалт гуйх хэрэгтэй гэж бодож байна. Нас дээр гарсан хүнийг эвгүй жишээ болгон ярьлаа гээд нэлээд хэдэн асуултыг “бөөндсөн”.

Тэрээр, УИХ-ын даргын энэ удаагийн айчлал бодит амьдралаас ход хөндий “илээд” өнгөрсөн явдал болж байна. Өөрөөр хэлбэл, захын хорооллын айл өрх бор хоногийг хэрхэн өнгөрүүлж байгаа, ажилгүй иргэд хэрхэн амь зууж байгаатай танилцсан бол өгөөжтэй байх байлаа. Түүнээс гадна Та 2 ч газар тууз хайчлаад явлаа, энэ чинь сонгуулийн хуулиа зөрчиж байгаа хэрэг бус уу хэмээн асуулаа.

УИХ-ын дарга хариулахдаа, Асуулт асуусан хүнийх нь хувьд л жишээлээд ярьчихсан нь буруу зөрүү ойлгогдсон бол уучлал гуйж байна гээд, Өнөөдрийн ажлын айлчлалаар хайчилсан нээлтийн 2 тууз бол Төсвийн хөрөнгөөр хийсэн, албаны ажлуудын нээлт юм. Өөрөөр бол би төрийнхөө ажлыг л хийж яваа хэрэг. Өөрийгөө иргэдийн хурлын төлөөлөгч хэмээн танилцуулсан, бодвол МАН-ын төлөөлөл байх та. УИХ-ын чуулганд МАН яг л таны хэлдэг шиг зүйлсийг ярьдаг. 8 хувийн зээл бол бүтэхгүй асуудал, 5 хувь болгоно гэдэг нь бүр ч сонгуулийн шоу зэргээр тань шиг ингэж “дайрдаг”. Тэгээд ямар сонгууль болох гэж байгаа гээд төрийн ажлыг хойш тавичихаад хараад суугаад байлтай биш. Ажлууд өрнөдгөөрөө өрнөөд л явж байна гэв.

Цагдаагийн даргаа соль гэж холбогдох албаныханд хэлсэн

Иргэдийн асуултад дурдагдаж байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга гишүүнтэй холбоотой асуудлууд, сүүлийн үед хэвлэлээр гарч буй түүний туслахуудын баривчилгааны талаар тэрээр хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Х.Баттулга хариулахдаа, энэ бол сүүлийн үед гарч буй асуудал биш, 2012 оноос өмнө миний эсрэг хийгдэж байсан үйл ажиллагааны үргэлжлэл. 2012 оны сонгуулийн үеэр миний эсрэг маш олон суртал нэвтрүүлгүүд хийгдэж байсан. Энэ нь өөрөө Монголын ард түмний өмч болсон Тавантолгойг үнэгүй авах гэсэн УИХ болон Засгийн газарт байдаг зарим бүлэглэлүүдийн явуулж байгаа үйл ажиллагаа юм. Удахгүй бүх зүйл тодорхой болно. Би цаашдаа Тавантолгойг Үндсэн хуулийн дагуу та бидний, бүх ард түмний өмч байх тал дээр тууштай зогсоно. Баривчлагдсан байгаа хоёр эмэгтэйн талаар хэвлэлээр маш их мэдээлэл гарч байгаа тул би давтан ярих шаардлагагүй. Бүх зүйлийн учир удахгүй тайлагдана гэсэн юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга хэлэхдээ, Хууль хүчний байгууллагад өөрсдийнхөө хүмүүсийг томилдог, хүссэн шийдвэрээ гаргуулдаг гаж тогтолцоо манайд байсаар байна. Өдгөө бүр нэг компаний л талд үйлчилдэг жишиг дэлгэрлээ. Баримт нотолгоог чухалчилдаг, олон талаас нь шалгаж үздэг, мэргэжлийн хүнийг Цагдаагийн даргаар томилоогүй нь алдаа болж байгаа учир, наад “дуракаа” соль гэж би холбогдох хүмүүст нь хэлээд байгаа хэмээн “чангахан дуугарав”.

н.Пүрэвдамба: Хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрлээ

Нэгдүгээр багийн иргэн н.Пүрэвдамба, танхимын уур амьсгалыг “зөөллөн”, ажлын айлчлалын багийнханд ажлын амжилт хүсч, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ажил хөтөлбөрүүд амьдрал өгөөжтэй байгааг онцлоод, Х.Баттулгатай холбоотой тус асуудал хэлмэгдүүлэлтийн үеийг санагдуулж байгаагаа хэлэв. Сонгууль дөхөхөөр л нэр бүхий хэдэн хүнд хамаг ялыг үүрүүлэх гэдэг буруу хандлага байсаар байгааг мөн хэлээд, Х.Баттулгын туслах, хөхүүл хүүхэдтэй эхийг хорьсон асуудалд ямар байр суурьтай байгааг Л.Эрдэнэчимэг гишүүнээс, гишүүний туслах гэж ямар эрх мэдэлтэй, яаж ажилладаг хүнийг хэлдэг тухай УИХ-ын даргаас асууж буйгаа танилцуулав.

УИХ-ын дарга З.Энхболд, гишүүний туслах ямар нэгэн албаны ажилд “хошуу, хуруу дүрдэг” эрх мэдэлгүй албан тушаал. Х.Баттулга гишүүний туслах мөн л адил. Хурал цуглааны цагийг сануулдаг, бичиг цаасны ажлыг зохицуулдаг л хүн нь. Тэгэхээр “бай”-гаа оноогүй л явдал болж байна. Удахгүй учир нь олдоно байх гэсэн хариулт хэлсэн бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, -Тус 2 эмэгтэйд холбогдсон асуудалд анхаарал тавьж байгаа. Улаанбаатарт очихоороо эмэгтэй гишүүдээрээ дахин хэлэлцээд, гадуур байлгаж байцаалгах зэрэг асуудлуудыг тавина гэдгээ хэлэв.

Тэрээр үргэлжлүүлэн, Гэр бүлийн тухай хуулийн төсөл өргөн баригдсан эсэх талаарх иргэний тавьсан асуултад хариулсан. Гэр бүлийн хуулийн төсөл өргөн баригдахаас өмнө Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль зэрэг уялдаа холбоотой хуулиуд УИХ-аар батлагдсан. Гэр бүлийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Цаашид УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэн батална гэдэгт итгэж байна гэлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиуд, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар иргэдэд мэдээлж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.

Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболдын Баянхонгорт ажилласан ажлын айлчлал өндөрлөж, Говь-Алтай аймгийн зүг мордлоо.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ