Харү башёгийн 8 дахь өдөр Хакүхо ганцаараа 50 хувийн амжилтаа хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-17 17:14:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Осака хотноо болсон Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн 8 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Точиазоныг давснаар, ганцаараа 50 хувийн  амжилтаа хийж чадлаа.


Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Хокүтофүжиг төвөггүйхэн давж 7 даваа, нэг унаатай болов. Озэки цолтнуудыг манлайлсан Такаясү энэ өдөр Шодайг давж 7 даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. Нэг ч унаагүй Хакүхо аваргын адил башёг тэргүүлж явсан Ичиножёо А.Ичинноров өнөөдөр Озэки Точиношинд унаж 7 даваа, нэг унаатай болсон бол Точиношин 5 даваа, 3 унаатай байна.


Өнгөрсөн башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил Сэкиваке цолтой барилдаж байгаа бөгөөд энэ өдөр нутгийн дэвжээн дээрээ барилдаж байгаа Гойэдод унаж 5 даваа, 3 унаатай болов. Харин Гойэдо 7 даваатай байна. Энэ өдөр Такакейшёо Эндог давж 6 даваа, 2 унаатай болов.

Холбоотой мэдээ