Цэрэг-спортын “Дөл-2019” тэмцээнд Заид сургууль түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-18 10:50:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, хилийн 0165 дугаар анги, зэвсэгт хүчний 331 дүгээр анги, Боловсрол соёл урлагийн газраас Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан цэрэг-спортын “Дөл-2019” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд  энэ сарын 17-ны өдөр Өлгий хотноо зохион байгууллаа.  

Өсвөр үеийнхэнд эх оронч хүмүүжил олгох зорилготой тус тэмцээнд аймгийн төвийн долоо, хөдөө сумдаас хоёр, нийтдээ есөн баг оролцлоо. Сурагчид Монгол Улсын Үндсэн хууль болон батлан хамгаалах хууль тогтоомжийн талаарх мэдлэг, жагсаалын бэлтгэл, “Эх орон, цэргийн алба” сэдвээр театрчилсан тоглолт үзүүлэх, ханын сонин гаргах зэргээр хүч чадал, авхаалж самбаа, авьяасаа сорин өрсөлдсөнөөс онооны нийлбэр дүнгээр Өлгий сумын ерөнхий боловсролын Заид сургуулийн баг тэргүүлж,  тус сумын дөрөвдүгээр сургууль, "Дарын" цогцолбор сургуулийн баг тамирчид удаах байрт тус тус шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон багуудад аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Нацагдорж, хилийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Гантулга нар шагнал гардуулж, баяр хүргэлээ. 

Холбоотой мэдээ