МУИС эзэмшлийн бүх газраа баталгаажуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-18 11:25:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн хичээлийн бүх буюу зургаан байр, Монгол-Япон төв, Номын сан, Оюутны 5 байрын газар эзэмших гэрээг шинээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэн газрын гэрчилгээ бүртээ “Э” дугаар авлаа.

МУИС иж бүрэн хотхон буюу кампусын зарчмаар хөгжих, Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтах стратегийн зорилгодоо хүрэх эх үндэс нь эзэмшлийн газар, дэд бүтэц юм. Өмнө нь МУИС орчмын газрыг зарим байгууллага, сургууль авч үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд цаашид ийм нөхцөл байдал үүсэхээргүй болжээ.Тиймд, газар эзэмших гэрээгээ шинэчилснээр МУИС-ийн хичээлийн болон бүх дотуур байр эзэмшлийн газраа баталгаажуулсан тул газрын төлбөр төлөхгүй болж байгаа юм.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ оны хоёрдугаар сард яамны харьяа байгууллагуудын удирдлагатай уулзахдаа “БСШУС-ын салбарын байгууллагууд газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй. Баталгаажуулж аваагүйн улмаас газраа алддаг, маргаан зөрчил гардаг. Хэрэв арилжсан, ашиг хонжоо харсан хүмүүсийн халдлага явуулгад өртөх зэрэг ямар нэг байдлаар газраасаа алдсан асуудал гарах юм бол газартайгаа цуг салбараасаа яваарай. Үүнийг онцгой анхааруулж байна” хэмээн сануулсан билээ.

МУИС-ийн хувьд 2017 оноос эзэмшлийн газруудын хаяг, байршлын зургийг албажуулан, Нийслэлийн Засаг даргын захирамжтай, гэрчилгээтэй болгох ажлыг зохион байгуулсан. Шинэчилсэн гэрээгээр МУИС-ийн оюутны 5 дугаар байр, СХД-ийн Баянголын ам, ХУД-ийн 14 дүгээр хороо, Доод Өлзийт зэрэг 8 газар төлбөрөөс чөлөөлөгдлөө. Өмнө нь эдгээр газрын төлбөрт жил бүр 2 сая гаруй төгрөг төлдөг байжээ. Газраа эзэмшилдээ бүрэн шилжүүлж авснаар төлбөр төлөхгүй, тэр хэрээр зардал мөнгө хэмнэж байна.

Түүнчлэн зөвхөн барилгын сууриар газраа эзэмшиж байсан зарим байрыг хашаагаар нь эзэмшихээр боллоо. Газраа тэлж, сургалтын чиглэлээр газраа бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэв.


Холбоотой мэдээ