Хүнсний үйлдвэр эрхлэгчдэд төрийн бодлого үгүйлэгдэж байна

ФОТО МЭДЭЭ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-19 15:33:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ, МҮХАҮТ-ын аймаг дахь салбар хамтран казах түмний шинэ жилийн баяр Наурызыг угтан хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өнөөдөр Өлгий хотноо зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаа нь орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зуучлагчгүйгээр иргэдэд хүргэх зорилготой юм. Үзэсгэлэн худалдаанд хөдөөгийн 12 сум болон аймгийн төвөөс 100 орчим малчин, сүү, цагаан идээ, талх нарийн боов, зөгийн бал, каз зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд оролцож байна.

"Бид өнөөдрийн "Наурыз-2019" үзэсгэлэн худалдаагаар нэгдүгээрт иргэдийн Наурызын баярын хэрэгцээг хангах, хоёрдугаарт орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон түмэнд сурталчлахыг зорьж байна. Мөн улс даяар "Нэг суурин нэг бүтээгдэхүүн" нэртэй аян үргэлжилж байгаа тул сум, үйлдвэр эрхлэгч тус бүр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болох зорилт дэвшүүлсэн. Түүнээс гадна давсны агууламж багатай бүтээгдэхүүн хэрэглэх сурталчилгааг үзэсгэлэнгийн үеэр давхар явуулна" гэдгийг аймгийн ХХААГ-ын дарга Б.Нургулан онцоллоо.  

Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 64 талх, нарийн боовны цех, 13 сүү цагаан идээний цех, хоёр казны үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн өнгөрсөн жилээс "Баянбулаг" компани зөгийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол энэ жил тэдний эгнээнд "Байбесик" нэртэй загасны консервны үйлдвэр нэмэгдсэн байна.  Гэвч дээрх үйлдвэрлэгчид иргэдийн энэ төрлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Мөн Баян-Өлгий аймаг нь 2,2 сая толгой малтай ч хүнсний захад ааруул, шар тосны үнэ 15-20 мянган төгрөгийн үнэтэй, хүссэн хүн болгон худалдаж авах боломжгүй байдаг. Зах зээл дээр эрэлт их байгаа хэрнээ нийлүүлэлт хангалтгүй байгаа нь үйлдвэрлэлийн хүчин чадал сул байгаатай холбоотой гэдгийг үзэсгэлэн худалдаанд оролцож буй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэлж байлаа.

Тэд төр засгаас өрхийн болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд урт хугацааны бага хүүтэй зээл олгох, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, эх оронч худалдан авалт хийх замаар борлуулалтыг нь дэмжих зэрэг бодлогын чанартай арга хэмжээ авахыг хүсэж байна.