Политехникийн коллеж Хүүхдэд ээлтэй байгууллага болох зорилт тавьжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-03-19 18:12:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Политехник коллеж "Хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил"-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Баянхонгор аймаг 2019 оныг "Хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил" болгон зарласан бөгөөд тухайн ажлын хүрээнд байгууллага дээрээ хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны нээлтээ ийнхүү хийлээ. Өвөг дээдсийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, өв тэгш хүмүүжил олгож байсан арга ухааныг хойч үедээ сэргээн өвлүүлэх байдлаар тус ажлыг өрнүүлнэ гэдгээ нээлтийн үеэр сургуулийн удирдлагууд онцолж байв.

Жилийн ажлын нээлтийн үеэр коллежийн суралцагчид ёс заншил, өв уламжлалаар "Илэрхийлэлт" үзүүлбэр хийж, ардын хөгжмийн ангийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолт толилуулсан байна. Мөн сургуулийн ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл оролцуулсан "Өв тэгш хүмүүжил" ток шоу зохион байгуулжээ.

Политехникийн коллеж жилийн ажлын хүрээнд Эцэг эхийн зөвлөл байгуулах, "Хүүхдийг хүчирхийллээс хамгаалъя" нээлттэй хаалганы өдөрлөг, "Гэр бүлийн үнэ цэн" монгол наадгай тэмцээнүүдийг зохион байгуулж тогтмолжуулахаас гадна Хүүхдэд ээлтэй байгууллага, дотуур байр болох зорилтыг тавьсан байна.

Холбоотой мэдээ