Фитнес клубээр үйлчлүүлэгчдийн тоо өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-21 16:19:51

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Спорт хороонд байрлах фитнес клуб нь өглөөний 8 цагаас оройн 20 цаг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энд бүх насныхан хичээллэх боломжтой юм. Тус клубын багшаар аймгийн арслан Т.Хайдав ажилладаг.

Өнгөрсөн жил аймаг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр фитнес клубын тоног төхөөрөмжийг шинэчлэн өргөжүүлсэн бөгөөд ингэснээр байнгын үйлчлүүлэгчдийн тоо нэмэгджээ. Мөн энд байнга дасгал сургуулилтаа хийдэг тамирчид чамгүй амжилт үзүүлсээр байна. Тухайлбал, энэ долоо хоногийн эхээр болсон Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулж буй 2019 оны классик пауэрлифтингийн 4 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Увс аймгийн тамирчин, Улсын начин Ө.Сумъяа суултын төрөлд мөнгө, таталтын төрөлд алт, нийлбэр дүнгээр мөнгө, Э.Цогбадрах суултын төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Фитнесээр хичээллэснээр таны биеийн ерөнхий дархлаа сайжирч, биеийн зөв галбиртай болдог байна. Мөн булчингийн масс нэмэгдэн, илүүдэл жинтэй хүмүүс жингээ хаяж, булчингаа чангаруулах боломжтойгоос гадна хүзүү, нурууны шохойжилтоо багасгах, зүрхний хэм тогтворжин өдөр тутмын ажлын ачаалал даах чадвар нэмэгддэг аж.

 


Холбоотой мэдээ