Үндэсний аваргын цувралын эхний тоглолтод Дайчид хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-21 13:21:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний 21 аймгийн лигийн тэргүүн хэсгийн аваргын төлөө шалгарсан Ховд Шонхорууд болон Архангай Алтан Дорнодын Дайчид багуудын цувралын эхний тоглолт боллоо.


Ховд Шонхорууд хүч шавхсан долоон тоглолтод Сүхбаатар Альянс тех багийг хожиж финалд хүрсэн. Харин Дайчид 4:1-ээр Өвөрхангайн багийг хожиж цомын төлөө тоглохоор болсон юм. Ийнхүү Үндэсний аваргын цувралын эхний үеийг Дайчид 7:0-ээр эхлүүлсэн ч Шонхорууд минутын амралтын дараа тоглолтыг эргүүлж эхний үе тэдний давамгайллаар өндөрлөлөө.


Хоёрдугаар үед Дайчид баг сайн тоглолт гаргаж эсрэг багаасаа 10 оноог илүү авч чадлаа. Улмаар тоглолтын хоёрдугаар хагаст Дайчид баг давамгай байдлаа алдалгүй явсаар 102:113-аар хожлоо.


Тус тоглолтод Дайчид багийн Т.Санчир 21 оноогоор тэргүүлжээ. Харин Шонхоруудаас Э.Дөлгөөн 22 оноог авсан. Ийнхүү үндэсний аваргын цувралыг 1:0-ээр Дайчид баг тэргүүлж эхэллээ. Цувралын 2 дахь тоглолт ирэх бямба гарагт Тэнүүн Өлзий багийн “Агар” ордонд болно.

Холбоотой мэдээ