Иргэний үнэмлэхийг цахимаар захиалах боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-21 14:25:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд иргэний үнэмлэхээ цахимаар захиалах боломжтой боллоо. Энэ талаар өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, бүртгэлтэй холбоотой үйлчилгээний талаарх мэдээллийг нээлттэй болгож, бүртгэлийн шат дамжлагыг багасган, чирэгдэлгүй, төвлөрлийг сааруулах зорилгоор улсын бүртгэлийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж буйг УБЕГ-ын дарга Б.Баасандорж онцлоод, тухайлбал, иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн, хугацаа нь дууссан тохиолдолд дахин авах хүсэлтийг цахимаар хүлээн авах үйлчилгээг энэ гуравдугаар сараас эхлэн нэвтрүүлж буйг хэллээ.

Иргэний үнэмлэхээ дахин авах иргэд улсын бүртгэлийн цахим систем “burtgel.mn” сайт руу орж захиалах боломжтой болж байна. Энэ нь цахим худалдаатай адил хялбар болж байгаа аж. Өмнө нь иргэн улсын бүртгэлийн үйлчилгээг холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн, улсын бүртгэлийн газарт заавал биеэр очиж авдаг байсныг ийнхүү халж байна. Ингэснээр бүртгэлийн үйлчилгээний зардлыг багасгаж, өмнө нь иргэний үнэмлэхийг дахин авахад 30 хонодог байсан хугацааг хэмнэх юм. Дээрх ажлыг Улсын бүртгэлийн багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж, иргэд рүү чиглэсэн үйлчилгээг эрчимжүүлж буйг тэмдэглэж байв.



Цахимаар захиалахдаа, тухайн иргэн харьяалал харгалзахгүйгээр захиалга өгч 38.500 төгрөг төлөх аж. Захиалга баталгаажсаны дараа таван хоногийн дотор иргэний үнэмлэхээ авах боломжтой. Аймаг, орон нутагт 10 хоногийн дотор гарах юм байна. Иргэний үнэмлэхээ очиж авахдаа харьяа дүүрэг үл харгалзан өөрөө болон төлөөний хүнийг явуулж болно. Бүртгэлийг сонгохдоо өөрт байгаа ойр, дүүрэг дээр очиход л болно. Гэр бүлийн хүн төлөөлөн очихоор болбол баталгаажуулан бүртгүүлэх аж. Харин 16, 25, 45 нас хүрсэн, цахим үнэмлэхээ шинэчлэн захиалах буюу шинээр үнэмлэх авах гэж байгаа иргэн Улсын бүртгэлийн харьяа газарт өөрийн биеэр очиж заавал хурууны хээгээ баталгаажуулах ёстой юм байна.


Улсын бүртгэлийн харьяа газраас энэ онд багтаан гадаад паспортыг цахимаар захиалах ажлыг хийж дуусгана.



Сүүлийн үед иргэдийн гадаад паспорт олгогдохгүй саатаж буй талаар тодруулахад УБЕГ-ын дарга Б.Баасандорж, “Улсын бүртгэлийн харьяа газарт гадаад паспорт олгох ажил өнгөрсөн долоо хоногт саатсан нь үнэн. Программыг шинэчилж буйтай холбоотойгоор ачаалал үүссэн. Энэ долоо хоногоос зуун хувь хэвийн болсон. Тиймээс иргэний үнэмлэх болон гадаад паспорт заасан хугацаандаа гарч байгаа” гэж хариуллаа. Тэрээр, “Улсын бүртгэлийн харьяа газраас энэ онд багтаан гадаад паспортыг онлайнаар захиалдаг болгоно гэдгээ мэдэгдэж байв.

Энэ дашрамд дурдахад өнгөрсөн оны сүүлийн байдлаар 77.8 мянган иргэн иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг алдагдуулсан шалтгаанаар улсын бүртгэлийн байгууллагад хандаж, иргэний үнэмлэхээ дахин авах хүсэлт гаргасан байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ