Л.Оюун-Эрдэнэ: Дундаж давхаргыг дэмжих банкны үйлчилгээг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-21 17:23:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахимаар холбогдож, үүрэг өглөө.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цахим хурлыг цаашид тогтмолжуулж, хөдөө, орон нутгийн удирдлага заавал Улаанбаатарт ирж асуудлаа ярих биш, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргахгүйгээр богино хугацаанд мэдээлэл солилцох, шийдвэр гаргах үр дүнтэй ажил болгох хэрэгтэйг онцолсон юм.

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ сайд, ”Төрийн үйлчилгээг аймаг, сум, орон нутгийн иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх нь чухал. Түүнчлэн эдийн засгийн өсөлт нь цаасан дээр үлдэх биш иргэндээ хүрдэг байх хэрэгтэй. Энэ хүрээнд Засгийн газар дундаж давхаргыг дэмжсэн банкны үйлчилгээ хөгжүүлж, хүү багатай зээл, санхүүгийн бусад үйлчилгээг иргэндээ тэгш хүргэх тодорхой шийдвэрийг ойрын хугацаанд гаргана" гэлээ.

Орон нутгийн удирдлагуудтай хийх дараагийн цахим хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс мөн оролцуулахыг тэрээр үүрэг болгосон. Учир нь нийгмийн давхарга бүрийн төлөөллийг цахим хуралд оролцуулж байх нь үр дүнтэй гэж үзэж байгаагаа дурдаад, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн байгууллагад ажиллахыг зохицуулсан хуулиуд байгаа ч хэрэгжүүлэхгүй байна. Иймд орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үгийг сонсож, тулгарч буй асуудлыг нь Засгийн газар шуурхай шийдэх хэрэгтэй. Улмаар бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх зэргээр нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг ээлж дараалан цахим хуралд оролцуулж, саналыг нь сонсох нь зүйтэй" хэмээв.

Холбоотой мэдээ