Дэлхийн хүүхэлдэйчдийн өдрөөр "Бүлтээхэй, Дэлдээхэй" төслөө эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-21 19:08:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хүүхэлдэйчдийн өдрийг тохиолдуулан өнөөдөр  Монголын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төслөө танилцууллаа. Тус төслийг “Dream box” телевизтэй хамтран хэрэгжүүлж буй юм.   

Монголын хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, "Мөрөөдлийн суваг" төрийн бус байгууллага “Dream box” телевизийн захирал Д.Батбаяр нар энэ үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр”  төсөл нь сургуулийн өмнөх насны болон бага ангийн сурагчдыг зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд зориулсан бүтээл юм. "Dream box" телевиз 48 ангит цуврал нэвтрүүлэг хийх юм байна. 70 жилийн түүхтэй манай хүүхэлдэйн театр тайзны хоёр жүжиг тавих бөгөөд тавдугаар сарын 15-нд эхний жүжгээ нээх аж. 



Монголын хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, “2018 оноос 2023 онд манай театрын ажлын төлөвлөгөөнд багтсан ажлын нэг нь “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төсөл. Уг төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Dream box” телевизийн хамт олонд баярлалаа. Бид одоо эхлэх гэж буй төслөөрөө хамтын ажиллагаагаа улам батжуулна" гэлээ. Энэхүү телевизийн нэвтрүүлэг болон хүүхэлдэйн жүжгийн зохиолчоор МУСГЗ, хүүхдийн зохиолч Б.Нацагдорж, Ерөнхий найруулагчаар Монгол Улсын Хүүхэлдэйн театрын найруулагч МУСТА М.Ариунтуяа, зураачаар Монгол Улсын Хүүхэлдэйн театрын зураач С.Энх-Од, хөгжмийн зохиолчоор СТА Б.Сүхбаатар нар ажиллаж байна. “Бүлтээхэй Дэлдээхэй 2” цуврал хүүхэлдэйн жүжгийн нээлт 5, 9 дүгээр сард болох бол “Dreambox” телевизтэй хамтран бүтээх 48 ангит хүүхдийн нэвтрүүлэг нь 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн долоо хоног бүр үзэгчдэд хүрэх юм.

Тус бүтээлийн дэмжигчээр БСШУСЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар ажиллаж байна.

Холбоотой мэдээ