Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 60 хувь байхаар тогтоов

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-03-21 17:52:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалахаар боллоо.

Мөн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 60 хувиар шинэчлэн тогтоох шийдвэр гаргаж буй талаар Төв банкны удирдлага мэдээллээ. Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг бууруулж 60 хувь байхаар тогтоож буй нь сүүлийн жилд хурдан өсөж, өндөр түвшинд буюу 55 хувьд хүрсэн хэрэглээний зээлийг бууруулах, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар багасгах зорилготой юм гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан онцолж байна.

Тодруулж хэлбэл, иргэдийн өр орлогын харьцаа 70:30 байсныг 60:40 болгон өөрчилж байна. Ингэснээр иргэд нийт орлогынхоо 40 хувийг гар дээрээ авч үлдэн, 60 хувьд нь ногдох дүнтэй тэнцэх зээл авах боломжтой болж байна гэсэн үг. Үүнд тэтгэврийн зээл хамаарахгүй аж.  

Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн оны зургадугаар сарын 15-ны хурлаараа иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэр гаргасан юм. Энэ тогтоолын дагуу, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс иргэдэд шинээр олгох зээл болон үндсэн төлбөр нь сарын орлогын хэмжээний 70 хувиас давахгүй байхаар шийдвэрлэж байсан бол үүнийгээ эргэн харж хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг ийнхүү 60  хувь болгож байна гэсэн үг.


Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж байгааг тэмдэглэсэн юм. Жилийн инфляци энэ оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.9 хувьтай байна. Инфляцийн хэлбэлзэл нь шатахуун, мах болон хатуу түлшний үнийн өөрчлөлтөөр голлон тодорхойлогдож байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна.

Энэ онд эдийн засгийн идэвхжил үргэлжилж, инфляци зорилтод түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй эрэлт, нийлүүлэлтийн болон гадаад хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв байдал, бизнесийн идэвхжилийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалж байна. Цаашид дотоод эрэлт үргэлжлэн хүчтэй тэлэх тохиолдолд мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага үүсэж болзошгүй гэв.


Энэ онд эдийн засаг 6.9 хувиар өснө гэж таамаглаж байна. Үүнд өрхийн хэрэглээний болон хөрөнгө оруулалтын, нүүрсний экспортын өсөлт болон уул уурхайн бус салбарын идэвхжил голлон нөлөөлөхөөр байна.



Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, “Эдийн засаг бүрэн сэргэсэн гэж дүгнэж болохоор байна. 2016 онд эдийн засаг агшиж байсан бол одоо харин 7-8 хувь болж өслөө. Ажилгүйдэл 2016 оны нэгдүгээр улиралд 11хувь байсан бол өнгөрсөн оны сүүлээр 6 хувь болж буурлаа. Өрхийн бодит орлого 2014-2016 онд дараалан агшсан. 2017 оны нэгдүгээр улирлаас сэргэж, 2018 оны эцсээр 7.4 хувийн бодит өсөлттэй байна. Өрхийн нийт хэрэглээ 33 хувиар өссөн байна. 2013-2015 оны хооронд ихээхэн буураад байсан хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 27 хувиар өссөн. 

Төлбөрийн тэнцлийн төлөв 2013-2016 онд нийт 2.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсан бол 2017-2018 онд 1.3 тэрбум ам.долларын ашигтай байв. Мөн төсвийн тэнцэл 2011-2017 онд дунджаар 1.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол өнгөрсөн онд 12 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Үүний үр дүнд нь гадаад валютын нийт нөөц өнгөрсөн сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар болж өссөн. 2014-2016 оны хооронд 2-3 удаа буураад байсан манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг олон улсын гурван ч байгууллага сайжрууллаа. Зээлийн жигнэсэн дундаж хүү 20 хувиас өнгөрсөн оны эцсээр 16.9 хувь болж буурсан нь хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэхэд нөлөөлөв. Зээл олголтын хувьд санхүүгийн зуучлалын хэвийн байдал алдагдаж байсан үетэй харьцуулахад, 2018 онд 24 хувийн өсөлттэй гарсан. 

Энэ онд эдийн засаг 6.9 хувиар өснө гэж таамаглаж байна. Үүнд өрхийн хэрэглээний болон хөрөнгө оруулалтын, нүүрсний экспортын өсөлт болон уул уурхайн бус салбарын идэвхжил голлон нөлөөлөхөөр байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хэвийн түвшинд үргэлжилнэ гэв.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ