Татварын ерөнхий хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа.
Уг асуудлыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа түр завсарлаад байсан юм. Үдээс хойш буюу 15.30 цагт эхэлсэн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн 140 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураав.
Энэ үеэр гишүүд зарчмын зөрүүтэй саналын томъёлолтой холбогдуулан үг хэллээ. Тухайлбал, НӨАТ-ын хувь хэмжээг Засгийн газар тогтоох санал орж ирсэн бөгөөд зах, худалдааны төвүүдэд худалдаа эрхлэгчдээс татвар авахаар тусгасан хэрнээ зарим нэг томоохон аж ахуйн нэгжүүдийг чөлөөлж байгаа нь буруу гэдгийг Ж.Ганбаатар гишүүн шүүмжлэв.
Харин М.Билэгт гишүүн хуулийн төсөлд малын хөлийн татвар авах заалт тусгасан нь малчидын амьдралд сөргөөр нөлөөлнө хэмээв.
Харин хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн Д.Тогтохсүрэн, “Анх өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд малчины үйл ажиллагаа буюу малын түүхий эдээс татвар авна гэсэн заалттай. Энэ нь малчдын орлогод сөргөөр нөлөөлөх юм. Тиймээс үүнийг малын хөлийн татвар болгон өөрчилсөн. Энэхүү татварын орлогыг малын чанар, бэлчээрийн менежмент, худаг ус гаргах зэрэгт зарцуулах юм” гэлээ.
Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.