Сэтгүүлзүйг хөгжүүлэхэд нийгмийн тэгш бус байдлын сэдэв чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-21 20:41:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хэвлэлийн хүрээлэн “Нийгмийн тэгш бус нөхцөлд шударга ёсны сэдвийг хэвлэл мэдээллээр хөндөх нь” сэдвээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг дэмжих” аяны хүрээнд хийж буй дээрх хэлэлцүүлгийн эхэнд, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал асан Д.Энхжаргал оролцогчдоор “Эрх мэдлийн алхам” дасгалыг хийлгэлээ. Энэ нь нийгэмд тодорхой байр суурьтай иргэд нийгмийн баялгийг хангалттай хүртэж байгаа бол өнчин болон нийгмийн халамж шаардлагатай иргэдэд баялгаас хүртэх боломж алга байна гэдгийг харуулжээ.

 “Хэвлэл мэдээллийн байгууллага нь нийгэмд болж буй асуудлыг олон талт байр сууриар гарган ирэх чухал үүрэгтэй. Тэр утгаараа жендерийн мэдрэмжтэй сэтгүүлзүй зайлшгүй байх ёстой гэсэн ойлголт юм. Сэтгүүлзүйг хөгжүүлэхэд нийгмийн тэгш бус байдлын сэдэв чухал гэдгийг улс төр судлаач, “Монфемнет” үндэсний сүлжээний зөвлөх Т.Ундарья онцолж байв.

Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг, “Жендерийн мэдрэмж гэдэг нь аль нэг хүйсийн төлөөллийг хэвлэл мэдээллийн агуулгад тэгш байдлаар тусгах, эрэгтэй, эмэгтэй хүний дуу хоолойг нь адилхан хүргэх боломжийг олгох нь чухал” юм гэдгийг хэлж байв.





Жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг дэмжих аяны хүрээнд энэ талын сэдвийг хөндсөн уралдааныг зарлажээ. Энд “Шилдэг редакци”, “Шилдэг сэтгүүлч”-ийг шалгаруулж тус бүр 300-800 мянган төгрөгөөр шагнах аж.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ