Баян-Өндөр сумын эмнэлэгт засвар хийх асуудлыг шийдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-21 22:55:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд С.Чинзориг Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засварт дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Тус барилга 1984 онд ашиглалтад орсон бөгөөд 2012 онд их засварт орсон нэртэй ч чанартай сайн болоогүйгээс өнөөдөр дулааны шугам нь доголдож, цахилгаантай холбоотой асуудал байнга гарч эрсдэл үүсгэх болсон байна. УИХ-ын гишүүнийг өнгөрөгч долоо хоногт тойрогтоо ажиллах үеэр тус эмнэлгийнхэн тулгамдсан асуудлаа шийдэхэд туслахыг хүсчээ.

Сайдын зүгээс холбогдох хүмүүст эмнэлгийн барилгыг нэг бүрчлэн үзэж дүгнэлт гаргах, шаардлагатай төсвийг тодорхойлох үүрэг даалгавар өгч, тодорхой хэмжээний санхүүжилтын асуудлыг шийдэхээр боллоо. Мөн цахим үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотойгоор компьютер тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах шаардлагатай байгааг 2019 онд шийдвэрлэхээр болов.

Тус эмнэлгийнхэн нүүдлийн амбулатори гаргаж, отроор яваа малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд оношилгооны тоног төхөөрөмж, ялангуяа ЭХО аппарат нэн шаардлагатай байгааг ярьж байлаа.

Холбоотой мэдээ