Хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-03-22 17:05:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штаб (ЗХЖШ)-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох саналаа өнгөрсөн сарын 02-нд өргөн мэдүүлсэн юм. Ерөнхийлөгчийн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь дэмжлээ.


Томилгооны асуудлыг хэлэлцэх үед, УИХ-ын гишүүд асуулт асууж, зэвсэгт хүчний салбарын үйл ажиллагааг сайжруулах, ахмад дайчдын нийгмийн халамжийг нэмэх санал хэллээ.


Тухайлбал, Т.Аюурсайхан гишүүн цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтад оролцуулах боломж байгаа эсэхийг тодрууллаа. Түүнчлэн цэргийн албан хаагчдын эрхийг хамгаалах талаар ямар бодлого баримтлахыг асуув. Тэрбээр сүүлийн хэдэн сарын хугацаанд буюу ЗХЖШ-ын дарга асан, хошууч генерал Д.Давааг үүрэгт ажлаас чөлөөлснөөс хойш хэд хэдэн цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг цохон тэмдэглэсэн юм.


Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтад оролцуулахыг дэмжиж буйгаа нэр дэвшигч А.Ганбат хэллээ. Тэрбээр, “Цэргүүдийг бүтээн байгуулалтад оруулах нь нэг талаас улс орныхоо хөгжилд гар бие оролцож байгаагийн илрэл төдийгүй залуусыг хөдөлмөрч, бүтээлч болгоход түлхэц үзүүлэх юм. Цэргүүдийн амиа алдсан хэргийг судлан, зэвсэгт хүчний удирдах байгууллагын бодлогын алдаа дутагдал, түүнийг засах боломжийг тодорхойлж, УИХ-д танилцуулах болно” гэлээ.


Зэвсэгт хүчний нэр хүндийг өсгөх, түүхэн дайчид, маршлуудын алдрыг мөнхжүүлэх зорилгоор уран сайхны кино бүтээх ажлууд өрнөж байгаа бөгөөд үүнд ЗХЖШ дэмжих нь чухал гэдгийг Ж.Мөнхбат гишүүн дурдсан юм.


Харин Ж.Энхбаяр гишүүн зэвсэгт хүчний салбарыг улс төрөөс ангид байлгахын төлөө ажиллахыг захилаа.


Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд идэвхтэй ажиллаж, дэлхий нийтэд эх орныхоо нэрийн хуудас болон ажиллаж байгааг Д.Цогтбаатар гишүүн онцлов. ЗХЖШ-аас энхийг сахиулагчдаа дэмжих, тэднийг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийсэн эрдэмтэн, судлаачдын судалгаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэлээ.


Хошууч генерал А.Ганбатын намтар:

-1962 онд Улаанбаатар хотод төрсөн.

-1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль,

-1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль,

-1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи,

-1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи,

-2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.


1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд албанд ажиллаж байна. Тодруулбал, Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогчоор ажиллаж байв. Мөн ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын Сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2005 онд хошууч генерал цол хүртжээ.

Холбоотой мэдээ