БСШУСЯ 2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-03-22 22:03:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар сайд Ё.Баатарбилэг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын өнөөгийн байдал, 2019 оны зорилтын талаар илтгэл тавьж, мэдээлэл хийв.


Тэрбээр хэлэхдээ “Боловсролын салбарт 89.2 мянга, соёл, урлагийн салбарт 7.1 мянга, шинжлэх ухааны салбарт 4.5 мянга, биеийн тамир, спортын салбарт 4.3 мянга, нийт 3218 байгууллагад 105291 албан хаагч ажиллаж байгаа нь Монгол Улсын төрийн албан хаагчдын 54.7 хувийг эзэлж байна. Монгол Улсын нийт хүн амын 32.5 хувь нь цэцэрлэг, бага, дунд сургууль, дээд боловсрол эзэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаагаас гадна давхардсан тоогоор зургаан сая орчим хүн  соёл, урлаг, шинжлэх ухаан, спортын салбараар үйлчлүүлж байна” гэдгийг онцлоод БСШУСЯ-наас 2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, гурван зорилт дэвшүүлэн ажиллаж эхэлснээ танилцуулав.

Зорилтын хүрээнд салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэл, салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн хуралдаанаар Сайдын зөвлөлийн ажиллах журам болон тус зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Сайдын зөвлөл 24 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд салбарыг хөгжүүлэх бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж санал, зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллах юм.

Зөвлөлийн гишүүд салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлэх 2019 оны зорилтын хүрээнд соёл, боловролын салбарын багц хуулиудын төслийг боловсруулж дуусах, холбогдох яамдаас санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, УИХ-д өргөн мэдүүлэхийг шуурхай зохион байгуулахыг холбогдох газруудад анхааруулав.

 

Холбоотой мэдээ