ОХУ-ын Ерөнхий сайд Украины улстөрчидтэй уулзжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-03-23 12:28:40

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Украины улстөрч Виктор Медведчук болон тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, “Амьдралын төлөөх сөрөг хүчний платформ” намын дарга Юрий Бойкотой уулзсан байна. Уулзалтад мөн "Газпром" компанийн тэргүүн Алексей Миллер оролцжээ.


Украин улс хийн тээврийн консорциум байгуулах замаар Оросын хийг нутгаараа дамжуулахыг хэвээр үлдээх сонирхолтой байна гэж Медведчук мэдэгдсэн байна. Хэрэв хийн транзитыг алдвал Киев 3 тэрбум ам.долларын орлого алдах болно гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


“Энэ бол Юрий Анатольевич Бойко бид хоёрын байр суур юм. Энэ бол нэг талаас "Газпром", нөгөө талаас Европын хэрэглэгчид болон Украин улс сонирхох хийн тээврийн консорциум байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа “Амьдралын төлөөх сөрөг хүчний платформ” намын байр суурь юм” гэж улстөрч цохон тэмдэглэжээ. Үүнээс гадна, тэрбээр ОХУ-аас шууд хий нийлүүлэх нь Украинд хийн тарифыг мэдэгдэхүйц бууруулна гэж нэмж хэлсэн байна.


Харин "Газпром"-ын тэргүүн Алексей Миллер уулзалтын үеэр хэлэхдээ, "хий дамжуулах гэрээний хувьд уг гэрээ 2019 оны 12 дугаар сарын 31-нд дуусна. "Газпром" одоо хэрэгжиж буй гэрээг сунган Украины нутгаар дамжуулан Европын орнуудад хий нийлүүлэхэд бэлэн байна” гэжээ.


ОХУ болон Украин улсын хийн салбар дахь хамтын ажиллагаа Киевийн хувьд чухал ач холбогдолтой. Тийм учраас энэ улсын төрийн эрхэнд гарахаар өрсөлдөж буй нэр дэвшигчид одоогийн нөхцөл байдлын талаар бодох хэрэгтэй гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев онцлон тэмдэглэжээ. Үүний сацуу тэрбээр уулзалтад оролцогчдод дотоодын зах зээл дээрх үнэ өртөг, хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааны одоогийн нөхцөл байдал зэрэг бусад хэд хэдэн асуудлыг хэлэлцэхийг санал болгосон байна.


Медведчук ОХУ болон Украины эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр Украины эдийн засгийн гадаад харилцааны бодлогыг эрс өөрчлөх, мөн Москва болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай харилцаагаа сэргээхийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлжээ.


Энэ айлчлал Украинд шүүмжлэлд өртсөн байна. Украины аюулгүй байдлын албанаас Юрий Бойко, Виктор Медведчук нарын "түрэмгийлэгч улсад" хийсэн айлчлалд хуулийн үнэлгээ өгнө гэж тус албаны тамгын газрын дарга Игорь Гуськов баасан гарагт  "Прямой" телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.


Украины Аюулгүй байдлын алба Бойког эх орноосоо уравсан хэргээр байцаах уу гэж Дээд Радагийн депутат Борис Береза “Facebook” сүлжээгээр дамжуулан асуусан байна. Бойко ямар шугамаар Москвад очсоноо өөрөө ч ойлгохгүй байна гэж депутат онцлон тэмдэглэжээ.



Холбоотой мэдээ