Ноолуурын үнэ 120 мянгаас эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-25 08:58:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХАА-н бирж, ХХААХҮЯ-наас өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ноолуур дуудлагаар худалдлаа.

Дээрх хоёр аймагт нэг кг ноолуур 120-130 мянган төгрөг байна. Харин Дорнод аймагт кг нь 140 мянган төгрөг байгаа бол нийслэл Улаанбаатар хотын түүхий эдийн “Эмээлт” зах дээр баруун аймгийн ноолуурыг кг-ыг нь 120, зүүн аймгийнхыг 140 мянган төгрөгөөр авч байна.


“Зүүн аймагт ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа явуулсан нь малчид дундын зуучлагч, ченж нараар дамжилгүй, ноолуураа үндэсний үйлдвэрт шууд нийлүүлэх боломжтой болж байна” гэж ХАА-н биржийн захирал Х.Баатар онцолж байна. Тэрээр ноолуурын өргөтгөсөн дуудлага худалдааг хэд хэдэн аймагт нэмж зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Өнгөрсөн жил дунджаар 75 мянган төгрөг байсан ноолуурын үнэ энэ жил ийнхүү 100 мянгаас эхэлж байна.

Гэхдээ энэ жил ноолуурын үнэ төдийлөн нэмэгдэхгүй гэж Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу хэлж байна. Яагаад гэвэл, энэ өвөл ихэнх нутгаар цасгүй байсан учир малын тарга тэвээрэг муу, ноос, ноолуурын гарц сайнгүй байгаа аж. Нөгөө талаар салхи, шуурга ихтэй байгаа тул ноолуурт шороо шигдэг. Ийм ноолуур төдийлөн үнэд хүрдэггүй байна. Тэгээд ч сүүлийн жилд ноолуурын үнэ олон улсын зах зээлд түүхий эд болон бүтээгдэхүүний илүүдэл нөөц их үүссэн зэрэг шалтгаанаар унаад байгаа юм. Ийм нөхцөл байдалд дүгнэлт хийхэд, ноолуурын үнэ энэ жил нэмэгдэхгүй хэмээн энэ салбарт олон жил ажилласан Х.Баатар хэлж байна.  


Манай улс дэлхийн зах зээл дэх ноолуурын 45 хувийг нийлүүлж, 26 сая толгой ямаанаас нийт 9.6 мянган тонн ноолуур самнаж, боловсруулан, нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна.

Б.Болд

Холбоотой мэдээ