Си Жиньпин, II Альберт нар хоёр улсын харилцааг бэхжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-25 11:10:43

МОНАКО. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин, Монакогийн хунтайж II Альберт нар өнгөрсөн ням гарагт уулзаж, хоёр улсын харилцааг бэхжүүлэхээр тохиролцжээ.


Си Жиньпиний Монако улсад хийсэн энэхүү төрийн айлчлал нь БНХАУ-ын даргын хувиар тус улсад хийж буй анхны айлчлал юм.


“БНХАУ-Монако 20 гаруй жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноосоо хойш харилцан тэгш, найрамдалт харилцааг хөгжүүлж ирсэн” гэж Си Жиньпин хэлээд, энэ хугацаанд хоёр улсын харилцаа аажмаар хөгжиж, хамтын ажиллагаа бодитоор өргөжиж ирснийг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, харилцаа холбоо, гар утасны төлбөр тооцоо зэрэг салбар дахь БНХАУ-Европын хамтын ажиллагааны түүчээ болсоор ирсэн хэмээн нэмж хэлсэн байна.


Си Жиньпиний айлчлалыг II Альберт “түүхэн айлчлал” хэмээн тэмдэглээд, БНХАУ-тай шинжлэх ухаан, технологи, инноваци, экологи болон байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 


Мөн тэрбээр уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсад тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах чиглэлд гаргаж буй БНХАУ-ын хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ. Ирэх онд БНХАУ-д зохион байгуулах "Биологийн олон янз байдлын тухай конвенц"-д оролцогч талуудын 15 дугаар бага хурлын үеэр тус улсыг дэмжихэд бэлэн байгаагаа Монакогийн хунтайж илэрхийлжээ. Үүний сацуу 2022 онд Бээжин хотноо өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах ажилд нь амжилт хүссэн байна. 


Хунтайж II Альберт БНХАУ-ын даргатай уулзахын өмнө түүнд зориулан угтан авах ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ.


Си Жиньпиний Европын гурван оронд хийж буй айлчлалын хоёр дахь улс нь Монако бөгөөд Италиас эхэлсэн түүний айлчлал Франц улсад өндөрлөх юм. 

Холбоотой мэдээ