Хоолны хэмжээ ба илчлэгийг багасгаснаар урт наслах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-25 13:11:05

МОСКВА. /РИА Новости/. Идэж буй хоолны хэмжээ ба түүний илчлэгийг багасгах нь хүний насыг уртасгадаг болохыг Харвардын Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд судлан тогтоосон байна. Тэдний хийсэн судалгааны дүнг "MedicalXpress" цахим хуудсанд нийтэлжээ. 

 

Харвардын судлаачид "Caenorhabditis elegans" гэдэг хялгасан хорхой дээр туршилт явуулсан аж. Илчлэг багатай хоол тэжээл хэрэглэснээр "р38" гэдэг уураг дарангуйлагддаг ба ингэснээр хүний төрөлхийн дархлаа буурдаг болохыг туршилтаар тогтоожээ. Төрөлхийн дархлаа нь элдэв халдварт өвчинтэй тэмцдэг боловч уг дархлаа хэт идэвхжих нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, архаг үрэвслүүд үүсч, бие организм хурдан хөгшрөхөд хүргэдэг байна. 

 

Харин "р38" уураг бүрэн идэвхгүй байх үед хоолны илчлэгийг хязгаарлах нь дархлаанд нөлөөлдөггүй аж. Уургийн идэвхжил бага байх үед үрэвслийн явцыг тодорхой түвшинд барьж чадах генийн үйлчлэл эхэлдэг байна.

 

Өмнө нь Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн судлан тогтоосноор, хоолоо бага зэрэг сойж, өлсч байх нь бодисын солилцооны явцыг өөрчилж, хоногийн хэмнэлд нөлөөлж, ингэснээр эрүүл мэндийн байдлыг сайжруулж, өвчлөх эрсдэлийг багасгадаг ажээ.


Холбоотой мэдээ