Өнөө шөнө зарим нутгаар цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-03-25 16:26:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулж байна.


2019 оны 3 дугаар сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 5-10 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.   

Холбоотой мэдээ