Сууц өмчлөгчдийн холбооны салбар зөвлөлийг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2019-03-27 11:47:52

Дорноговь /МОНЦАМЭ/. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, МСӨХ-ны дээд зөвлөлтэй хамтран ажиллах, мэргэжлийн байгууллага СӨХ-дын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор "Хамтын шийдэл" СӨХ-дын нэгдсэн зөвлөгөөн уулзалтыг Сайншанд сумаас санаачилж гуравдугаар сарын 26-нд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Сайншанд хотын 13, Замын-Үүд сумын дөрвөн СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал, багийн Засаг дарга нар болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож тулгарч буй бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар харилцан ярилцсан байна.

Сууц өмчлөгчдийн холбоод нь хоорондоо ажлын уялдаа холбоо муутай ажилладаг, нэгдмэл удирдлагагүй байдаг нь ажил зохион байгуулахад хүндрэл учруулдаг байна.

Тиймээс Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн салбар зөвлөлийг Дорноговь аймагт байгуулж төр хувийн хэвшлийнхэн холбогдох бусад  байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.

Удирдах зөвлөлийн даргаар Э.Оюунбилэг, гишүүдээр П.Ундрах, Н.Заанхүү, Ж.Бүргэдбаатар, Е.Цэцэгмаа, Хяналтын зөвлөлийн даргаар М.Чулуун, гишүүдээр С.Удвал, Ц.Цээжидмаа нарыг сонгов.

Сайншанд хотын хэмжээнд өнөөгийн байдлаар 71 орон сууцны 3269 өрхийг хамарсан 13 СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 2019 онд “Нарлаг шанд”, “Өргөө” “Найрсаг хөршүүд”, “Саруул хотхон”, “Дөрвөн бэрх” зэрэг таван СӨХ байгуулагдсан.

СӨХ-дод харьяалагдаж буй 38 орон сууц нь хуучны орон сууц, 33 орон сууц нь шинээр ашиглалтад орсон сууц байгаа аж.

Зөвлөгөөнд МСӨХ-дын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар, МСӨХ-ны Чингэлтэй дүүрэг хариуцсан тэргүүлэгч Л.Ундрах нар оролцож МСӨХ-дын үйл ажиллагааны танилцуулга хийж, СӨХ-дын хууль, эрх зүйн орчин, баримт бичгийн бүрдүүлэлт, хөтлөлтийн талаар оролцогчдод сургалт зохион байгуулж, “Ган замчид”, “Далайшанд” СӨХ-ны үйл ажиллагаатай танилцаж заавар, зөвлөгөө өгөв.

Холбоотой мэдээ