“Эрдмийн зул -2019 “ онол практикийн бага хуралд 10 эмч илтгэл хэлэлцүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-27 14:17:55

Ховд /МОНЦАМЭ/. Олон улсын эмч нарын өдрийг угтаж Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас “Эрдмийн зул -2019“ онол практикийн бага хурлыг  дөрөв дэх удаа амжилттай зохион байгууллаа.

Онол практикийн бага хурлын зорилго нь эмч, эм зүйч мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгаа хийх боломжийг бүрдүүлэх, харилцан туршлага солилцох, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэж байв. 

Онол практикийн хуралд 10 эмч мэргэжилтэн оролцож, “Уламжлалт эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн судалгаа”, “Архаг загатнаатай өвчтөнүүдийн амьдралын чанарыг үнэлэх нь”, “Эмийн жор бичилтийн өнөөгийн байдлыг үнэлэх нь”, “Булган суманд тохиолдож буй осол гэмтлийн өнөөгийн байдал”, “Резус сөрөг жирэмсэн”, “Буянт багийн 40-65 насны хүн амын дундах  халдварт  бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт хийсэн судалгаа”, “Наран багийн түнхний үений дутуу хөгжилтэй хүүхдийн дунд хийсэн судалгаа” зэрэг илтгэл хэлэлцүүлж, өрсөлдөв. 


Тэргүүн байрт БОЭТ –ийн их эмч Ц.Гэрэлт-Одын "Ховд аймгийн хүн амын дундах эпилепсийн эмнэлзүйн хэлбэрүүд, тархины цахилгаан бичлэгт илрэх өөрчлөлтүүд" сэдэвт,  дэд  байрт  БОЭТ –ийн их эмч Ц.Цагааны "Ховд аймаг дахь хорт хавдрын өнөөгийн байдал" сэдэвт, гутгаар байрт БОЭТ–ийн их эмч Э.Мөнхчимэгийн "Амьгүй төрөлтийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийн судлах нь" сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.  

Онол практикийн бага хурлыг анагаах ухааны доктор Ц.Даржаа, Ховд их сургуулийн Хэл уран зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Өрнөхдэлгэр, БОЭТ –ийн Дотрын тасгийн их эмч доктор Б.Отгонбаяр нар шүүн явуулжээ.  

Холбоотой мэдээ